Европын холбоо Беларусь улсад нислэгийн хориг арга хэмжээ авчээ
Ням гарагт Беларусийн эрх баригчид нутаг дээгүүрээ нисэж явсан RyanAir компанийн нисэх онгоцыг Минск хотод албадан буулгаж, тус онгоцоор зорчиж явсан сэтгүүлчийг баривчилсан билээ.
Грекийн нийслэл Афинаас Литвийн нийслэл Вильнюсийн чиглэлд нисэж явсан уг онгоцонд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн гол шүүмжлэгчдийн нэг, сэтгүүлч Роман Протасевич зорчиж байжээ.
Тэгвэл Даваа гарагт Европын Холбооны бүх 27 гишүүн орны удирдагчид Беларусийн засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авахаар санал нэгдсэн байна.
Хоригийн хүрээнд бас RyanAir-ийн онгоцыг барьцаалсан явдлыг “төрийн оролцоотой терроризм” гэж үзээд Европын бүх агаарын тээврийн компаниудад Беларусийн агаарын орон зайгаар дамжиж нислэг үйлдэхийг хориглохоор болсон байна.
RyanAir компанийн мэдээлснээр онгоцыг нь Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж явах үед Беларусийн нислэгийг хянах төвөөс ачаанд нь тэсрэх бөмбөг байж болзошгүй тул ойролцоо нисэх буудалд яаралтай ослын буулт хийх хэрэгтэйг анхааруулсан байна.
Гэвч тэсрэх бөмбөг байж болзошгүй гэсэн мэдээлэл нь худлаа болж, 26 настай Роман Протасевичийг онгоцноос баривчлан буулгасан байна.
Үүний дараа RyanAir компанийн FR4978 дугаартай нислэг цааш үргэлжилж, Вильнюст анх төлөвлөсөн хугацаанаасаа олон цагаар хоцорч газарджээ.