|

ТАНИЛЦ: Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлого

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Орлого

ХОМ-ээс харвал хамгийн их орлоготой нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх байна.

У.Хүрэлсүх 2020 онд 182.7 сая төгрөгийн орлоготой байсан бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийнх 11.5 сая, “Зөв хүн электорат”-аас нэр дэвшигч Д.Энхбатын орлого 132 сая төгрөг байжээ.

Харин С.Эрдэнийн гэр бүлийн орлого 196.4 сая төгрөг байгаа бол У.Хүрэлсүхийн гэр бүлийн орлого 0 төгрөг байна.

Үл хөдлөх хөрөнгө

С.Эрдэнэ 391 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууцтай, зуслангийн байргүй гэж мэдүүлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа хамгийн сүүлд 2019 онд ХОМ бөглөхдөө 687 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөхтэй гэж мэдүүлж байсан бол ийнхүү жилийн хугацаанд 300 орчим сая төгрөгөөр буурсан байна.

Харин Д.Энхбат 900 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байртай бол У.Хүрэлсүхийн орон сууц, зуслангийн тус бүр нэг байр 162.5 сая төгрөгийн үнэлгээтэй байна.

Тэдний эзэмшдэг газрын хамгийн өндөр үнэлгээтэй нь Д.Энхбат. Тэрбээр 0.07 га бүхий гурван газраа 90 сая төгрөгөөр үнэлжээ. Харин С.Эрдэнэ 11 орчим га газраа 36 сая төгрөгийн үнэлгээтэй гэж мэдүүлсэн байна. У.Хүрэлсүх 1.5 га бүхий ашиглах эрхийн газартай ба үнэлгээ нь 7.5 сая төгрөг гэжээ.

Машин

Тээврийн хэрэгслийн тухайд Д.Энхбат машингүй болохоо мэдүүлсэн байна. Харин С.Эрдэнэ 352 сая төгрөгийн үнэ бүхий гурван машинтай бол У.Хүрэлсүх 284 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл эзэмшиж байна.

Үнэт эдлэл

С.Эрдэнэ үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлгүй болохоо мэдүүлсэн бол У.Хүрэлсүх 100 сая, Д.Энхбат 260 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл эзэмшдэг болохоо мэдүүлжээ.

Хадгаламж

У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол С.Эрдэнэ 164 сая төгрөгийн хадгаламж эзэмшиж байна. Д.Энхбат 41 сая, гаднын банк санхүүгийн байгууллагад 19 сая буюу нийт 60 төгрөгийн хадгаламжтай бөгөөд 400 сая төгрөгийн авлагатай бол нөгөө хоёр нэр дэвшигч “авлагагүй” гэж мэдүүлжээ.

У.Хүрэлсүх 2017 онд Шадар сайд байхдаа ХОМ бөглөж байв. Тухайн үед У.Хүрэлсүхийн хадгаламж 1.8 тэрбум төгрөг байсан бол гурван жилийн хугацаанд 100 сая төгрөгөөр буурсан байна.

Харин С.Эрдэнэ УИХ-ын гишүүн байхдаа 2019 онд хадгаламждаа 0 төгрөгтэй гэж мэдүүлж байжээ. Түүний хадгаламжийн хэмжээ жилийн хугацаанд буюу 2020 онд ийнхүү 164 сая төгрөгөөр өссөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *