“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг долоодугаар сарын 4-нд нээнэ
Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг ирэх долоодугаар сарын 4-нд нээхээр төлөвлөжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан иргэний нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагч нарт дэвшүүлсэн мэндчилгээндээ дурдсан байна.
Тэрээр “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нисэхийн салбарт шинэ сорил тулгарч байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газраас ковид19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа гадаад улс орноос иргэдээ татан авч ирэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин тээвэрлэх нислэгийг амжилттай зохион байгуулж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байна. Мөн түүхэн аялал жуучлалын бүс нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал сумын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаа энэ долоодугаар сарын 4-ний өдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна” гэсэн байна.