Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв.
Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон юм.
Мөрдөгчдийн ажлын хэсгээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлж, санжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-нээс нэг талын санаачилгаар татгалзах эрхээ хэрэгжүүлэн, төрд учруулсан 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардсан байна.
Мөрдөгчийн мэдэгдэл, шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж “Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус компани 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгдлөө.
Ийнхүү авлигын гэмт хэргийн улмаас учирсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг төрд буцаан төлүүлсэн нь ажлын хэсгийн мөрдөгчид болон Монголбанкны ажилтнуудын хамтын ажиллагааны бодит үр дүн юм.