Эзнээ хүлээж, агуулахын хайрцганд 30 жил амьдарсан Мануэла яст мэлхий
Яст мэлхийнүүд урт удаан амьдардгаараа алдартай амьтад. Бүр нэг яст мэлхий Калькуттын амьтны хүрээлэнд 255 жил амьдарсан бөгөөд 2006 онд элэгний дутагдлаар нас барсан гэдэг.
Гэтэл нэгэн яст мэлхий хонгилын агуулахад 30 жил амьдарснаараа тухайн төрөл зүйл амьд үлдэх, дасан зохицох ямар сайн чадвартайг илүү ихээр нотолж байна.
Бразилийн Рио-де-Жанейро хотод нэгэн гэр бүл хайртай яст мэлхийгээ алджээ. Тэдний байшин ойн захад байдаг тул мэлхйигээ модонд ороод төөрчихсөн гэж дүгнээд хэсэг хайсан ч олдоогүй байна.
Гэтэл уг явдлаас хойш 30 жилийн дараа гэрийн эзэн Леандро Алмейда гэрийнхээ эд хошлыг янзалж, хэрэггүй хог новшнуудаа гаргаж байх үедээ хуучин эд зүйлсээ хийн хадгалсан хайрцгаа гарган хаяжээ. Харин түүний хөрш “Чи яст мэлхийг ч бас хаях гэж байгаа хэрэг үү?” гэж асууснаар Леандро Алмейда хайрцгийг задалж үзээд нүдэндээ ч итгэсэнгүй.
Хайрцагт хуучин пянз тоглуулагчаас гадна 30 жилийн өмнө алга болгосон хайртай яст мэлхий Мануэла нь байж гэнэ.
Уг явдал олны анхаарлыг татан, эрдэмтэн судлаачид ч хариулт ололгүй хэсэг мухардав. Учир нь Мануэлагийн төрлийн буюу Улаан Хөлт яст мэлхийнүүд хоол тэжээл хүртэлгүй 3 орчим жил амьдарч чадах ч 30 жил амьдрах боломжтойг нь хэн ч мэдээгүй байсан юм. Харин хэсэг эрдэмтэд түүнийг нян бактериар хооллож, шимэгчээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаагаа тогтворжуулан амьдарч байсан хэмээн дүгнэжээ.
Ингээд агуулахын хүйтэн сэрүүн нөхцөлд, ямар ч хоол хүнсний хангамжгүй 30 жил эзнээ хүлээсэн аварга яст мэлхийгээ гэрийн эзэд баяртай нь аргагүй хүлээн авч, тэжээж эхэлжээ.