Амжилтанд хүрэгсдийн амралтын өдөр хийдэг зүйлс
Сард 8, жилд 96 өдөр л амрах боломжтой орчин үеийн даяарчлагдсан нийгэмд та ховор тохиох төгс амралтын өдрүүддээ юу хийх вэ? Юу хийвэл танд ач тус, эерэг үр дагавар үзүүлэх вэ?
Ялангуяа амралтын өдрөө хэрхэн өнгөрөөж буй нь тухайн хүний ажлын үр бүтээмж, дараа долоо хоногийн энерги эрч хүчний хэмжээг тодорхойлдог байна.
- Гэр бүл, найз нөхдөдөө цаг зарцуулах
Хайртай дотны хүмүүстэйгээ хамт байж, ажил хэргээ хэсэг ч гэсэн хойш тавих нь ашигтай болохоос сөрөг нөлөө үзүүлэхгүй биз.
- Дасгал хөдөлгөөн хийх
Хэрвээ ажлын өдрүүдэд дасгал хөдөлгөөн хийх боломжгүй байдаг бол амралтын өдөр заавал биеэ халааж, булчингаа цочроож байх хэрэгтэй. Эс үгүй бол бие хөшиж, ажлын үеэр нуруу чилэх, нүдний хараа муудах, хүзүү хөших гэх мэт үр дагаварууд гардаг. Нэн ялангуяа дотоод эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа сулардаг байна.
- Шинэ долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргах
Шинэ долоо хоног бол өнгөрсөн долоо хоногоос илүү дээр байж чадах дараагийн боломж тань учраас бүх зүйлийг эмх цэгцтэй, бодит байдал дээр тулгуурлан төлөвлөх хэрэгтэй. Зуун хувь төлөвлөгөөний дагуу явах албагүй хэдий ч хийх ажлын тань жагсаалт ажлыг чинь хөнгөвчилдөг.
- Аялалд явах
Хэдий хоёрхон хоног ч гэлээ ойрхон газар, цөөн хүрээнд зугаалчхаад ирж яагаад болохгүй гэж? Өөр хэзээ гэж хойшлуулах билээ? Баасан гарагийн орой л гараад явчих хэрэгтэй. Харин ням гарагийн үдэш өөрийгөө сайн амраагаарай.
- Цахим орчноос татгалзах
Ганц өдөр ч атугай гэртээ амрахаар шийдсэн бол дэлгэцээс холдож, байгалийн гэрэлд биеэ амраах хэрэгтэй. Эрүүл мэнд хамгийн чухал нь.
- Сайн дурын ажил хийх
Хүмүүст туслах, сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулах, мод тарих, хог цэвэрлэх. Танд шууд эргээд нөлөө үзүүлэхгүй ч гэлээ бүгд таны амьдарч байгаа дэлхий ертөнцийг илүү дээр болгоход нөлөө үзүүлж байна гэж ойлгох хэрэгтэй.
- Хариуцлагаас зугтах
Хийх ёстой ажлуудаа ганц өдөр ч атугай хойшлуулаад, хойшлуулж байгаадаа санаа зоволгүй амрах хэрэгтэй. Тэгвэл дараагийн өдөр нь гүйцэтгэл сайтай ажил хийх боломжтой шүү дээ.