|

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад ЗГ бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцлаа.

Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. Гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц хийснээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн  чөлөөгөөр уруудаж, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв.

 

 

Ерөнхий сайд дараа нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Сэлбэ дэд төвд ажиллалаа. Энэ төв дүүргийн 10, 11, 12 , 13 дугаар хороог хамардаг байна. Ийм 10 дэд төв байгуулах бөгөөд Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастай дэд төвийн инженерийн байгууламжийг хэсэгчилсэн байдлаар шийдэж, нийгмийн  барилга, байгууламж барих юм. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаа өөрөө шийднэ. Энд төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлбэл иргэдийн газар эргэлтэд орж үнэ хүрэх боломжтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төлөвлөж байгаа ажлыг дэмжихээ хэллээ. Гол нь үр дүн чухал учир газар чөлөөлөлт гээд бүх талын тооцоо, судалгаагаа сайн хийж, гаднын мэргэжилтэнтэй хамтран ажиллахыг чиглэл болгов. Зургаан дэд төв ашиглалтад орсноор төрийн ямар байгууллагуудыг шилжүүлэхээ төлөвлөх, хотын төвөөс гарахыг дэмжих, хотын төвд төрийн байгууллагын барилга барихгүй байх зарчим баримтлах зэргийг Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатарт санууллаа.

 

 

“Улаанбаатар хот ганцхан төв замтай, үүнийгээ дагаж төвлөрсөн учир түгжрэл үүсэхээс аргагүй. Түгжрэлийн гол голомтуудаа гаргаж, зургаан дэд төвөө 10 болгож болно. Гэхдээ хамгийн гол цэг буюу хамгийн их утаатай, дэд бүтэц тааруу газраа төлөвлөлт хийх хэрэгтэй” гэлээ.  Дээрх асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

Засгийн газар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөтгөсөн хуралдаан хийж хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн. Мөн түгжрэлийг бууруулах, нийтийн тэврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгахаар болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *