Э.Бат-Үүл: Шүүгдэгчийн хувиар шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байна
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшлогдоод буй. Үүнтэй холбоотойгоор олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх мэдээллийг нэр бүхий мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тарааж байна хэмээн үзэж, өнөөдөр /2021.02.04/ мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Намайг шүүх хурал хойшлогдсонтой холбоотойгоор сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээр гүжир гүтгэлэг агуулгатай мэдээллийг их тараах боллоо. Тухайлбал, нэр бүхий мэдээллийн хэрэгслээр шүүх хуралд услын яллагчаар оролцож буй прокурор н.Золзаяагийн хэлсэн “Шүүх хурал хойшилж байгаа нь хардлага төрүүлж байна” гэснийг үндэслэн, Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал 12 удаа хойшилж байгаа нь МАН-ын 100 жилийн ойн өршөөлд хамрагдах гэж байгаа санаатай үйлдэл мэт олон түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэх мэдээллийг гаргаж, цахим орчинд түгээж байна.
Тухайн өдрийн шүүх хурал хойшлогдсон шалтгаан нь хорио цээрийн дэглэм зөрчсөн орчинд явагдах гэж байгаа тухай прокурор н.Золзаяагийн гомдол, бусад шүүгдэгчийн хоёр өмгөөлөгч цар тахлын хорио цээрт орсон болон нэг өмгөөлөгчийн ар гэрт гэнэтийн гачигдал гарсантай холбоотой нэж би ойлгож байгаа.
Шүүгдэгч бид аль болох цаг алдалгүй шударга ёс тогтоохыг хүсч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх явцад саад учруулаагүй. Одоо ч шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байгаа” гэлээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт улс төрийн үйл явцтэй холбоотойгоор элдэв гүтгэлэг үргэлжилж байгааг онцоллоо. Тиймээс шударга шүүхээр шүүлгэхийн тулд прокурор н.Золзаяаг шүүхэд өгөхөөр болсон тухайгаа энэ үеэр мэдэгдсэн юм.