Төрийн байгууллагууд өөрийн газарт барилга барихыг хориглоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “БЗД-ийн 26 дугаар хороо нийслэлийн хамгийн их хүн амтай хороо. 31 мянган хүн амтайгаас 18 хүртэлх насны 11 мянган хүүхэд бий. Энэ хорооны замын эсрэг талд БЗД-ийн 25 дугаар хороо байгаа. Уг хороонд 18 хүртэлх насны долоон мянган хүүхэд бий. Ингээд замын наана цаана хоёр 18 мянган хүүхэд байна. Эдгээр хүүхдэд улсын сургууль, цэцэрлэг нэг ч байхгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хотын өнцөг булан руу зөөж байгаа юм.
БЗД-ийн 26, 25 дугаар хороонд тус тус ганцхан газар байгаа. БЗД-ийн 26 дугаар хороонд шүүхийн шийдвэр нь гарсан Олимп хотхон, 7,500 мкв газар байна. БЗД-ийн 25 дугаар хороонд замын цагдаагийн журмын хашаа бий. Энэ хашаанд тээврийн цагдаагийн газар 10 давхар оффис барина гэсэн. Замын цагдаад өөр газар олдоно. Энэ асуудлыг Ерөнхий сайд та шийдэж өгөөч.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг санаачилсан. Төрийн байгууллагууд өөрийнхөө газарт хувийн өмч мэт байшин барьдаг асуудалд Засгийн газар хяналт тавихыг хүсэж, уг хуулийг санаачлаад байна. Сургууль, цэцэрлэг барих газарт орон сууц бариад зараад байна. Төрийн байгууллагууд өөрийн газарт хувийн орон сууц барьдгаа болих хэрэгтэй. Тухайн газар нь нийт ард түмний өмч юм” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэдэн айлын хэдэн ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг , өрхийн эмнэлэг байх вэ гэдгийг хатуу стандарт тогтоох хэрэгтэй. Иргэд болон хувийн хэвшлийнхний буруу биш. Аль болох ашигтай зүйл рүү явсан 30 жил. Цаашид ингэж явах боломжгүй учраас цаг алдалгүй нэгдсэн стандартад оруулах нь чухал.
Улаанбаатар хотын түвшинд шийдэж чадахгүй бол УИХ шийднэ. Төрийн байгууллагууд өөрийн газарт барилга барихыг хориглосон шийдвэр Засгийн газрын тогтоолоор гаргаж болно. Цаашид ингэж явбал бид дийлэхгүй” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Замын цагдаагийн орчим төлөвлөлт тааруухан байсан гэдэг нь гэр хорооллын иргэдээс тухайн ААН-үүд нь газрыг нь худалдаж аваад өөрсдөө төлөвлөлтөө хийснээр бодлогын алдаа гарсан. Үүнийг засахын тулд нэг хот, нэг стандарт хэрэгжүүлж байгаа. Тухайн газрын төлөвлөлтийг ерөнхий төлөвлөгөөний газартай ярьж байгаад шийдүүлье гэж бодож байна” гэв.