Ямагт ХҮҮХДИЙН ДЭЭД ЭРХ АШГИЙГ хамгаалахыг уриалж байна
Өнөөдөр /2021.05.31/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас #НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД_үндэсний_хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
#НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД_үндэсний_хөдөлгөөний зорилго нь Хүүхдийн эрх хамгааллын асуудлаархи салбар хоорондын бодлогын уялдаа холбоог улам сайжруулж, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэрэгцээг дэмжсэн орчин бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх санал санаачилгыг үндэсний хэмжээнд өрнүүлж хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах явдал бөгөөд энэхүү аянд иргэд, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон төр төрийн бус байгууллагынхан зэрэг бүх хүнийг нэгдэж хамтран ажиллахыг уриалж байна.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэлийн бага хурлаар ГБХЗХГ-аас 2021 он гарснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, #НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД_үндэсний_хөдөлгөөний талаар ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж нар танилцуулга хийлээ.
Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг “Хүүхдийн баярыг” дэлхий нийтээр дэлгэрсэн коронавируст халдвар “Ковид-19” цар тахлын үед цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ үед #НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД_үндэсний_хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Анх 1925 онд Швейцарь Улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалан, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийн олон улсын өдөр” гэж зарласнаас хойш, эдүгээ 96 дахь удаагаа тэмдэглэж байна. Манай Улс 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн бүх нийтээр тэмдэглэх болсноос хойш 69 дэх жилийг угтаж байна.