Magnolian: Бусдын сэтгэлийг шархлуулснаас өөрөө өвдөж хоцорсон нь дээр
Энэ удаагийн ivoice -ийн зочноор “Magnolian” хамтлагийн гоцлох дуучин залуусын дунд Magnolian нэрээрээ танигдсан Б.Дөлгөөнийг урилаа. Тун удахгүй шинэ цомгийхоо нээлтийн тоглолтыг хийхээр төлөвлөж буй залуу уран бүтээлчтэй уран бүтээл, үзэл бодол, зорилго мөрөөдлийнх нь талаар ярилцсан юм.
Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа
-Өдрийн мэнд хүргэе. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Дөлгөөн гэдэг. Тайзны нэр маань Magnolian. Indi Folk чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Канад улсад урлагийн түүх буюу судлаач мэргэжлээр төгсөөд 2016 онд Монголдоо ирж байсан. Үүнээс хойш 2 цомог гарган ажилласан байна. Мууртай, эхнэртэй (инээв).
–Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-2016 онд Famous Man гэх богино хэмжээний цомгоо гаргаад, өнгөрсөн жил буюу 2020 онд Slow Burn гээд бүрэн хэмжээний цомгоо гаргасан. Хоёулан дээр нь цомгийн нээлт гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулж чадаагүй. Ялангуяа ноднин жил бол цар тахлаас болоод тоглолт хийж чадаагүй. Их удаан бодож, хүсэж, төлөвлөсний эцэст энэ 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд ON&OFF дээр анхны бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна. Мэдээж бүх сонсогчид вакциндаа хамрагдчихсан байх ёстой. Мөн энэ цомгийн нээлтийнхээ хүрээнд 6 дугаар сарын 26-ны өдөр pop store маягийн зүйл Шангри Ла Малл-д зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Цамц, энгэрийн тэмдэг, пянз, малгай гэх мэт Magnolian-тай холбоотой бараанууд зарагдах байх. Үүндээрээ л гол анхаарлаа төвлөрүүлж байна даа.
–Жазз хөгжмийн клуб нээсэн байх аа. Хүмүүс хэр хүлээж авав?
-Хонгор гээд нарийн бүрээчин залуутай хамтраад Fat Cat жазз хөгжмийн клубээ 2018 онд нээсэн. Клуб нээе гээд хоорондоо ярилцаад төсөв мөнгөө тооцоолоод үзтэл бид нарт яг 30 мянган доллар хэрэгтэй болсон. Бид 30 хүнээс 1000 доллар зээлж санхүүгээ босгосон. Тэр үед бидэнд хосууд, ганц бие танил, найзууд гээд маш олон хүнээс тусламж ирж үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Нэг их удалгүй бүх өрөө төлж чадсан.
Нээлтийн өдөр хөл гишгэх зайгүй шахуу олон хүн ирсэн байсан. Үнэндээ бид өөрсдөө тийм өндөр хүлээлттэй байгаагүй. Санаснаас илүү гоё эерэгээр хүлээж авсан. Одоо ч гэсэн урьдчилсан захиалга өгч байж л ирэхгүй бол сандал ширээ олдох нь ховор. Гэхдээ цар тахлын улмаас 11 сараас хойш үйл ажиллагаа нь зогсонги хэлбэртэй байгаа. Мэдээж одоо вакцинжуулалт үр дүнгээ өгч эхлээд байна, хүмүүс их идэвхитэй хамрагдаж байна. Тиймээс энэ 7 дугаар сараас эргээд нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Fat Cat бол мэдээж бизнес. Гэхдээ би тэр үед зүгээр л явж байгаад азаар ч гэх юмуу их санаандгүй нээчихсэн. Манай хамтрагчийн хувьд маш чухал, анхнаасаа хүсэж байсан зүйл нь байсан. Бизнесийг зорилгоо болгоогүй ч маш гоё шинэ санаа, санал ирвэл би зөвшөөрөхөд бэлэн л байна даа.
Бакалаврын мэргэжил бол насан туршийн амьдралын эх үүсгэвэр биш
-Та Канад улсад Урлаг Судлаач мэргэжлээр төгссөн юм байна. Ер нь мэргэжил тань хүсэл сонирхолтой тань хэр нийцдэг вэ?
-Би анх өөрийгөө анзаараад дуу хөгжмийн тал дээр аль эсхүл кино, дэлгэцийн уран бүтээл тал дээр зохих хэмжээний суурь чадвартай, хичээх юм бол өөрийгөө хөгжүүлчхэж чадах юм байна гэж дүгнэж байсан. Харин урлаг, уран зургийн тухайд надад ямар ч мэдлэг байгаагүй нь их сул санагдаж байлаа. Ер нь бакалаврын мэргэжил бол насан туршийн амьдрах аргаа сонгож байгаа хэрэг биш юм шиг санагддаг. Зүгээр л болж буй үйл явдал, цаг хугацаатайгаа хөл нийлүүлээд, нэг ёсны оюуны дархлаажуулалт хийж байна гэж боддог болохоор аль болох өөрөөсөө хол, мэдэхгүй зүйлдээ шунаж байсан. Гэхдээ цаашдаа мэргэжлээрээ ажиллана гэж боддоггүй.
-Дуу болгон нь өөр санаа зохиол агуулсан байдаг. Тэр бүрээ хаанаас анх олж авдаг вэ? Сэдэл ч гэх юм уу?
Уран бүтээлийг бол өөр нэг миний сэтгэлд хүрсэн уран бүтээлээс санаа аваад, улам баяжуулаад ч юм уу, сэдэв татаад гаргадаг. Угаасаа маш сайн чанартай, надад таалагдсан уран бүтээлүүд бүтээлч сэтгэлгээг илүү өдөөж өгдөг. Гоё ном уншаад “ямар гоё юм бэ, ном бичиж үзэх юм сан”, гоё кино үзээд “кино хийж үзэх юм сан” гээд боддог төрлийн хүн болохоор л тэр байх.
-Уран бүтээлүүдээс тань өөрт хамгийн таалагддаг дуу юу вэ?
-Хүн ер нь өөрийнхөө хийсэн зүйлээс үргэлж өө сэвийг нь олж хараад, голоод байдаг талтай. Гэхдээ Slow Burn цомогт орсон дуунууд нэлээн дажгүй болсон санагддаг. Someone New гээд дууны бичлэг тун удахгүй цацагдах гэж байгаа. Бүх зүйл нь надад таалагдаад байгаа. Харин яг тусдаа видео гэвэл Rome гээд дуу. Тэр дууны бичлэг надад маш энгийн хэрнээ гоё болсон санагддаг.
-Монголд өөрийг чинь сонсдог залуус харьцангуй цөөхөн мэт харагддаг ч яг анзаарвал хүчтэй шүтэн бишрэгчдийн хүрээлэл тогтсон юм шиг санагддаг. Дэмжлэг тулалцаа ч юмуу, өөрийг чинь сонсдог хүмүүсээс ирж байсан хамгийн сайхан үг үйлдлүүдээс нь хуваалцаач?
-Хүмүүс маш гоё фен арт хийдэг. Манай эхнэр бас дуулдаг, урлагийн хүн байдаг. Сүүлд Хосоо гээд эмэгтэй манай эхнэрийг тайзан дээр дуулж байгаагаар нь маш гоё хөрөг зурсан байсан. Би тэрийг нь харчихаад “авч болох уу?” гэтэл жаазлаад бэлэглэсэн. Ер нь хүний хөрөг зурна гэдэг чинь маш их хөдөлмөр шүү дээ. Тэр эмэгтэйд тадархаад пянз бэлэглэж байлаа. Их сэтгэлд хоногшсон явдал гэвэл хамгийн ойрын жишээ энэ юмуу.
-Урлаг таныхаар юу вэ?
-Урлаг бол амьдралыг чимдэг, илүү амттай таашаалтай болгодог зүйл. нэг ёсны хоолны дараа иддэг дессерт шиг л гэж боддог. Мөн урлагийн түүхийг судалсан хүний хувьд улс орон, нийгмийн хөгжилд нөлөөлөхүйц, олны таашаалд хүрээд байгаа урлагийн бүтээлийн төлөөллөөр нь хэмжиж үздэг. Маш том тусгал шиг л зүйл юм даа.
-Нэг удаа кинонд тоглосон. Underrated ч юм шиг байсан хэрнээ тодорхой хүрээллийн үзэгчдэд маш их таалагдах шиг болсон. Цаашдаа жүжиглэх сонирхол байгаа юу?
-Найруулагч нь Бат-Амгалан гээд манай найз. Анх надаас “Бид нар жүжигчнээр худлаа хөгжим тоглуулмааргүй байна. Яг хөгжим, дууны тухай болохоор жинхэнэ байлгамаар байна. Чи тоглооч” гээд асууж байсан. Эхэндээ эргэлзээд татгалзсан. Ер нь хаа сайгүй харагдаж байдаг шүү дээ. Дуучин хэрнээ кинонд тоглоод л, тэгснээ гэнэт рекламанд тоглочихсон эсвэл бүр сурталчилгаа хийгээд л тал тал руугаа үсччихсэн. Тийм баймааргүй байсан болохоор татгалзсан. Гэхдээ ер нь явцдаа хөгжмөөсөө нэг их хазайхгүй юм чинь хийгээд үзье гэж бодоод зөвшөөрч байсан.
-Кинонд тоглоход гарч байсан хүндрэл бэрхшээлүүд байсан уу?
-Мэдээж маш их байсан. Камер чинь нэг төрлийн буу шиг шүү дээ. Яг нүүрэн дээр камер тулаад ирчихсэн байхад жүжиглээд, бэлдсэн үгийг өөрөө хэлж байгаа юм шиг бодитойгоор хэлнэ гэдэг маш хэцүү юм билээ. Өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө хэв маягаар, биеэ сул чөлөөтэй байлгах гэж хичээсэн. Миний хажууд NMN буюу Номин бол ёстой жүжигчин шиг л мундаг жүжиглэж байсан. Харин би бол нэг их авьяастай жүжигчин биш л юм билээ (инээв).
-Киноны дүр, амьдрал дээрх Дөлгөөн хоёрыг харьцуулвал?
-Ер нь их ялгаатай. Од бол чимээгүй дотогшоо, гутранги үзэлтэй хүн бол би бодит амьдрал дээр их өөдрөг, нээлттэй, бусадтай харилцан ярилцаад, өөрийгөө илэрхийлээд асуудлаа зохицуулчихлдаг төрлийн хүн.
-Ажлын үр бүтээмжээ өсгөдөг арга, туршлагаасаа хуваалцаач?
-Нэг зогсчихвол зогссон газраасаа эхлэнэ гэдэг их хэцүү даваа юм шиг санагддаг. Ажлыг анх эхэлчихвэл бүх зүйл явцдаа жигдэрчихдэг шиг зогсолгүй яваад байвал удаан ч бай хурдан ч бай үр дүнгээ үзүүлээд үргэлжлээд байдаг. Харин хэсэгхэн зогсчихвол буцаад хөдлөх их хэцүү. Тийм болохоор ер нь аль болох зогсохгүйг л хичээж ажилладаг даа.
-Засах шаардлагатай гэж боддог муу зуршил байдаг уу?
-Байгаа. Дэлгэц ширтэж суухад их цаг зарцуулдаг хүн. Утас, нөүтбүүк гэх мэт дэлгэц ширтээд 4, 5 цаг болчихдог. Өдөр бүр 4 ба түүнээс дээш цаг утсаа ширтээд суугаад байвал долоо хоногийн бүтэн нэг хоногийг утсаа оролдоод өнгөрөөчихлөө гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ зуршлаа засах юм сан гэж их бодож байгаа.
⁃ Үргэлж болгоомжилж, холуур тойрдог зүйл бий юу?
-Мэдээж байлгүй яахав. Бусдын итгэлийг хүлээнэ гэдэг маш том хариуцлага. Итгэлийг нь нэг удаа л хөсөрдүүлвэл буцаагаад сэргээх арга хомс байдаг болохоор аль болох хүмүүсийн итгэл найдварыг нь дааж л явахыг хичээдэг. Худлаа ярихгүй, хариуцлага алдахгүй л юм сан гэж их бодож явдаг.
Улс төрийн оролцоо их чухал гэдгийг ойлгосон
-Улс төрийн тухай хувийн бодлоо хуваалцаач? Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд хэр их анхаарал хандуулж байгаа вэ?
-Улс төрийг эхэндээ нэг их тоодоггүй байлаа. Угаасаа эх орноосоо хол нэг хэсэг амьдарсан болохоор мэддэггүй байсан үе бий. Гэхдээ сүүлийн үед их ач холбогдол өгөх болсон. Бидний хийж буй сонголтууд ямар ирээдүйд аваачих вэ гэдэг талаас нь бодвол чухал. Тиймээс улстөрийн сонголтод маш нухацтай, хариуцлагатай хандахыг бусдад ч бас уриалмаар байдаг. Оролцоо чухал юм билээ. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ч ач холбогдол өгч байна. Сонголтоо зөв хийх хэрэгтэй байх.
-Хувийн амьдралынхаа тухай олон нийтэд нээлттэй байх тал дээр таны бодол?
-Мэдээж нууцлаад, нуугаад байсан үе байхгүй. Хүн бүр намайг эхнэртэй, мууртай гэдгийг маань мэддэг байх. Цахим хаягаараа хааяа тэднийхээ зургийг хуваалцдаг. Гэхдээ өдөр бүр, бүх үйл явдлаа бичээд “Өнөөдөр хайрт минь надад цэцэг өглөө” гэх нь таалагддаггүй. 100% олны нүдэн дээр байдаг амьдрал утгагүй санагддаг.
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар онцлогтой вэ?
-Яг үнэндээ бидэнд хүүхэд төрүүлэх боломжтой, хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн хоёрхон ялгаа байгаа юм шиг л санагддаг. Надад эрэгтэй ч найз бий, эмэгтэй ч найз бий. Хүйсийнх нь ялгаанаас болж өөр өөр харьцана гэдэг их утгагүй санагддаг л даа. Заавал өөрөө өөрсдөдөө бүтээсэн хийсвэр хязгаартаа нэгнээ хүлээд эмэгтэй нь заавал гэрээ цэвэрлэж хоолоо хийгээд, эрэгтэй нь заавал ажил хийж гэр бүлээ тэжээх ёстой гэсэн үзэлд бол итгэдэггүй.
-Бусдыг өвтгөх, бусдаас болж шархлах хоёрын аль нь хэцүү вэ?
-Миний бодлоор би өөрөө өвдөөд хоцорсон нь илүү дээр байх аа. Угаасаа бусдыг шархлуулах, бусдыг өөрийнхөө дараа тавьж үзэх нь надаас их хол зүйл. Жишээ нь гэвэл сүүлд гадаадад байдаг нэг найз маань манай найз бид хоёрт хоёр өөр пянз явуулаад “Энийг та хоёр нэг нэгээр нь хуваагаад аваарай” гэсэн. Би тэндээс өөрийнхөө хүсэж байсан нэгийг авмаар байсан л даа. Нөгөө найз маань ч бас яг тэр пянзыг авахыг хүсч байсан болохоор зүгээр л “Би авахгүй ээ. Чи наадхаа ав даа” гээд татгалзсан. Тиймээс ер нь яг миний хувьд бол өөрөө шархалсан нь бусдыг өвтгөснөөс хамаагүй дээр үзэгдэл гэж бодож байна.
-Сэтгэл зүйн тогтвортой байдлаа хэрхэн хамгаалдаг вэ? Сэтгэл гутрал гэх мэт сэтгэл зүйн өвчнөөр өвдөж байсан үе бий юу?
-Мэдээж хүнд гутрах үе гарна, гуниглана, ядарна. Тухай бүрт нь өөрийгөө илэрхийлээд, бусдад өөрт нь ямар мэдрэгдэж байгааг ойлгуулаад, учир шалтгаан, гарах гарцыг нь хайх ёстой юм шиг санагддаг. Миний хувьд яамаар байгаагаа, юу болоод байгааг ойр дотны хүмүүстээ илэн далангүй хуваалцаж чаддаг болохоор сэтгэл гутрал зэргээс хол байж чаддаг байх. Ер нь нийгэмд өөрийгөө дасгаад, нийгэмшүүлээд, аль болох бусадтай нээлттэй байж л хүн тогтвортой сэтгэл зүйтэй байж чадах болов уу.
-Цаг заваа зарцуулан ирж, илэн далангуй ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Намайг урьсанд баярлалаа. Өнгөрсөн хугацаанд намайг сонсдог байсан, одоо сонссоор байгаа, дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Манай тоглолтыг ирж үзээрэй гэж урьж байна. Цаашдаа илүү сайн уран бүтээл гаргаад, илүү их амжилт үзүүлэхийг хичээх болно.
Asuultuud ni uneheer sul bna shuu