Вакцинжуулалт дуусах шатанд орсон учир ХАЛДВАРЫН ТОО ЭРЧИМТЭЙ БУУРНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар дархлаажуулалтын цэг болон Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дахь цэгт өнөөдөр 509 хүн Файзер вакцин хийлгэсэн байна. Дүүргийн хэмжээнд зорилтот бүлэг буюу насанд хүрсэн иргэдийн 89.6 хувь нь нэгдүгээр тунд, 70 орчим хувь нь давтан тунд хамрагджээ.
Ерөнхий сайд дараа нь Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өгөв.
Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11,913 хүн халдвар авсны 3,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын 15-наас халдварын тохиолдол ЭРЧИМТЭЙ буурах тухай танилцууллаа.Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 13,197 хүүхэд халдвар авснаас 5-9, 10-14 насныхан дунд өвчлөл өндөр. Насанд хүрэгсдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байгаа бөгөөд 18-34 насныхны 81-85 хувь, 55-аас дээш насны иргэдийн 95 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.
Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна. Ерөнхий сайд дархлаажуулалтын явц тааруу байгаа цэг болон аймгуудын удирдлагуудын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Ялангуяа нийслэлтэй ойр аймгууд хариуцлагагүй байна гэж үзэхээс өөр аргагүй. Алслагдсан аймгуудыг бол ойлгож байна. Вакцины таталттай холбоотой асуудал тодорхой хэмжээнд үүснэ. Нийслэл хотод дархлаажуулалт ийм өндөр үр дүн хүрчихээд байхад аймгууд ийм хойрго хандаж байгаад хариуцлага тооцож ажиллах шаардлага үүснэ” гэлээ.
Орон нутагт дархлаажуулалт 51 хувьтай байгаа аж. Нийслэлийн хүн амыг зургаадугаар сарын 10, долоодугаар сарын 1 гэхэд улс орон даяар дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусна гэж төлөвлөж байгаа. Өөөрөөр хэлбэл хүн амын олонх нь вакцины 1-2-р тундаа хамрагдаж дуусах тул 6-р сарын 15-наас ХАЛДВАРЫН ТОО ЭРЧИМТЭЙ БУУРНА гэж тооцоолж байна.