6-р сарын 15-ны өдрөөс эхлэн халдварын тоо буурна гэж тооцоолжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар дархлаажуулалтын цэг болон Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дахь цэгт өнөөдөр 509 хүн Файзер вакцин хийлгэсэн байна. Дүүргийн хэмжээнд зорилтот бүлэг буюу насанд хүрсэн иргэдийн 89.6 хувь нь нэгдүгээр тунд, 70 орчим хувь нь давтан тунд хамрагджээ.
Ерөнхий сайд дараа нь Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өгөв.
Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11,913 хүн халдвар авсны 3,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын 15-наас халдварын тохиолдол буурах тухай танилцууллаа.
Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 13,197 хүүхэд халдвар авснаас 5-9, 10-14 насныхан дунд өвчлөл өндөр. Насанд хүрэгсдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байгаа бөгөөд 18-34 насныхны 81-85 хувь, 55-аас дээш насны иргэдийн 95 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна.
Ерөнхий сайд дархлаажуулалтын явц тааруу байгаа цэг болон аймгуудын удирдлагуудын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.