Л.Оюун-Эрдэнэ: Дэд төвүүдэд бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Сэлбэ дэд төвд ажиллалаа. Тэрээр Сэлбэ голын дагуу тавьсан 6.6 км автозам, 60 метр гүүр, үерийн далангаас гадна тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий тохижилт, Сэлбийн хурдны зам, дулааны станц, “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл зэргийн явцтай танилцав.
“Сэлбэ” дэд төв нь СБД-ийн 13,14 дүгээр хороо, ЧД-ийн 14,18 дугаар хорооны 156 га газрыг хамардаг. 3.000 орчим өрхийн 11 мянга орчим хүн оршин суудаг. 2040 он гэхэд өрхийн тоо 6.520, хүн ам 23 мянга хүрэх төлөвтэй байна.
Сэлбэ гол дагуу 6,6 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, автобусны зогсоолыг ашиглалтад оруулаад байна. Мөн Сэлбийн 25.2 км урт хурдны зам нь захын гэр хороолол, зусланг хотын төвтэй холбох юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь хийснээр хотын түгжрэл 30-40 хувь буурах тооцоо гарсан байна.
Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар “Сэлбэ” дэд төвийн 28 МВт хүчин чадалтай дулааны станц энэ гуравдугаар улиралд ашиглалтад орно. Станц 3,000 гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгжийг дулаанаар хангах бөгөөд энэ нь 3,000 гаруй яндан байхгүй болно гэсэн үг юм.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СБД-ийн есдүгээр хорооны нутагт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд автозам, зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг зэргийг барихаар төлөвлөсөн. Төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхлэх байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас хойшлоод байна.
Цаашид Сэлбэ голын дагуух тохижилтын ажилд шаардагдах тодорхой хэмжээний хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан барих 16 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрээр дэд төвүүдэд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ. Ойрын хугацаанд хувийн хэвшлийнхэнтэй уулзаж энэ талаар ярилцана гэдгээ хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *