Хариуцлагатай уул уурхайн өгөөжийг монголын ард түмэн шудрагаар хүртэх бодлого хэрэгжүүлэхийг хүслээ
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Баянхонгор, Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Баянхонгор аймгийг хөгжүүлэх эдийн засгийн тэргүүлэх гурван салбарын нэг нь уул уурхай. Уул уурхайн салбарыг хариуцлагажуулж, байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарч, байгалийн баялгийн үр өгөөжөөс ард түмэн хүртдэг байх асуудлыг Баянхонгорчууд хөндөж байв. Нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг тусгасан юм.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 900 гаруй лицензийг цуцалснаар 7.2 сая га талбай малын бэлчээртээ эргэн иржээ. Хонгор нутгийнхан уул уурхайн хариуцлагагүй олборлолтоос болж эвдэрч сүйдсэн байгаль орчноо сэргээх ажлыг Баянхонгор аймагт үргэлжлүүлэхийг нэр дэвшигчээс хүссэн. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт ашиглалтын 89, хайгуулын 40 гаруй тусгай зөвшөөрөл олгогджээ. Хууль бус ашигт малтмал олборлолтоос үүдэлтэй 357 га талбай эвдрэлд өртөөд байгааг нутгийнхан хэлж байна. Тиймээс хариуцлагатай, эзэнтэй уул уурхайг хөгжүүлж, үр ашгаа Монголын ард түмэнд шударга хүртээх бодлого хэрэгжүүлэхийг уулзалтад оролцсон иргэд захиад дэмжиж байгаагаа илэрхийлэн сонгуулийн ажилд нь амжилт хүсэв.
Орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг Засгийн газартай хамтран шийдвэрлэх талаар У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт туссан юм. Тухайлбал, “Шударга ёс-хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг орон нутгийн хот болгон хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх “Аймаг бүрт–жишиг бүтээн байгуулалт” хөтөлбөр санаачлахаар тусгасан. Мөн “Аймаг, сумын төвд цэвэр, бохир ус, дулааны шугам, мэдээлэл холбооны сүлжээг өргөтгөн хөгжүүлж, төрөлх нутаг, төрсөн сумандаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана” хэмээн тусгаад байна.
Нэр дэвшигчийн дараагийн уулзалт “Монголын Швейцарь” гэгддэг Хөвсгөл аймагт үргэлжилсэн. Монгол орныг зорин ирдэг жуулчдын 20 орчим хувь нь унаган байгаль, түүх соёл, нүүдэлчин ахуйтай танилцах, үндэсний баяр наадам бусад соёлын арга хэмжээг үзэж сонирхохоор Хөвсгөлийг зорьдог ажээ. Тиймээс цар тахлын дараа аялал жуулчлалаар эдийн засгаа сэргээх асар их боломж байгааг нутгийн иргэд хэлж байв.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах хөрөнгийг шийдвэрлэсэн. Монгол орны цэнгэг усны нөөцийн 70 хувийг агуулдаг Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нууранд живсэн машин, техникийг татаж гаргах ажлыг зохион байгуулахад сэтгэл гаргасанд Хөвсгөлчүүд талархал илэрхийлэв.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа малчдынхаа төлөө олон чухал шийдвэр гаргасан.Тухайлбал, 1995-2019 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжоор хангасан юм. Түүнчлэн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан билээ.