Вакциныг эсэргүүцэж байсан сүмийн пастор халдвар аван эмнэлэгт хэвтжээ
Флорида мужийн нэгэн сүмийн пастор “Вакцин бол тэнэг хүмүүсийг олноор нь арчин хаях зэвсэг” хэмээн дархлаажуулалтыг эсэргүүцээд байсан ч корона вирусын халдвар аван, эмнэлэгт хэвтжээ.
Trunews,com сайт дээр өөрийн онол таавар, үзэн ядалт турхиралтын холбогдолтой мэдээнүүдээ бичдэг Рик Вайлс гэгч залуу “Вакцин бол хүн төрөлхтнийг цөөрүүлэх нууц бодлого” хэмээн нийтлэснээсээ 7 хоногийн дараа амьсгалахад хүндрэлтэй болсноо мөн бичжээ. Ингээд удалгүй тэрээр халдварын хүнд шатанд ортлоо доройтон өвдсөний эцэст эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж эхэлжээ.
Тэрээр Флорида мужийн нэгэн сүмд ихээхэн идэвхитэй залбирал үйлддэг, Христийн шашны хүчтэй итгэгч бөгөөд “Коронагийн гаж донтонгууд надад хортой вакцинаа шахаж чадахгүй шүү” хэмээн өөрийгөө болон гэр бүлээ вакцинаас татгалзуулжээ. Гэвч үүнээс яг долоо хоногийн дараа түүний гэр бүлийн 4 гишүүн халдварын маш хүнд хэлбэрт шилжтэлээ өвджээ.
Гэвч тэрээр одоо хүртэл “Би болон миний гэр бүл хамтдаа тэмцэж үүнийг давж гарах болно. Энэ золигийн вакциныг бидэнд шахна гэж бодохын ч хэрэггүй” хэмээн нийтлэлүүд бичсээр байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: WWW.COMPLEX.COM