Элбэг хээрийн “эзэн”, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн МАНЛАЙ УЯАЧ болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа дуусахаас урьтаж төрийн дээд одон медаль гардуулсаар байгаа.
Өнөөдөр Монгол Улсын алдарт, манлай уяач цолны болзол хангасан уяачдад цол тэмдэгийг нь гардуулсны дотор Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, Монгол Улсын алдарт уяач Х.Бадамсүрэн МАНЛАЙ УЯАЧ болов.
Түүнийг морин дэл дээр өсч, арван жил, оюутны он жилүүд, улс төрийн албанд томилогдсоноосоо хойш ч морь уях хоббигоо орхиогүй гэлцдэг. Тэрээр адуун сүргээ монгол, араб үүлдрийн цэвэр цусны морьдоор сэлбэж, улсын наадам үзүүр түрүүнд хурдлуулсныг уяачид андахгүй.
Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын баяр наадамд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн уяж уралдуулсан элбэг хээр зүсмийн айргийн гуравт хурдалж байв.
Үндэсний их баяр наадмын тухай хууль улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгохоор заасан байдаг.