ТОСК, НОСК-ийн нэр барьж 6 тэрбум төгрөгийг иргэдээс луйвардсан гэх мэдээллийн мөрөөр
Өндөр үнэтэй орон сууцнуудад “нууцлалын гэрээгээр зах зээлээс хямд үнээр оруулна” хэмээн иргэдийг залилан мэхэлсэн гэх Э.Болорчулуун, Э.Солонго хэмээх гэр бүлийн хоёрын тухай мэдээлэл цахим орчинд цацагджээ.
Тэднийг 100 -аад иргэнээс 6 орчим тэрбум төгрөгийг Ж.Бодьсад, Мөнхзаяа нартай хамтран “НОСК-ийн ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга” хэмээн итгүүлж БАЙРНЫ УРЬДЧИЛГАА нэрээр мөнгө авч залилсан тухай мэдээлэл цацагдсан байна.
Тодруулбал “МАН-ын сонгуулийн хандивт орж ирсэн ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа. Энэ хүрээнд Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас 1м.квадратыг нь 1.1 сая төгрөгөөр нууцлалын гэрээгээр борлуулж байна” хэмээн иргэдэд итгүүлж байрны урьдчилгаа нэрээр мөнгө авсан гэх.
Энэ талаар хохирогчид нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан эсэх, хэрэг үүссэн эсэхийг ЦЕГ-аас тодруулахад “Гарсан мэдээллийг нягтлахад нэр хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэргийг Улсын мөрдөн байцаах алба шалгаж байгаа” гэлээ.Харин МАН-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Намын нэр бариад яваад байна гэдэг мэдээлэл нэлээн дээр гарч байсан санагдаж байна. Намаас тайлбар гаргах бол эргэн холбогдоно” гэх хариулт өглөө.
Байрны урьдчилгаа өгсөн эхний иргэдэд зайсан орчмын TUUL ONE, SANTO APARTMENT,ENKANTO, JARDEN, BUDDA VISTA, RIVER GARDEN, ЦЭНГЭЛДЭХ зэрэг өндөр үнэтэй орон сууцнуудад зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр урьдчилгаа авч түлхүүрийг нь өгөн оруулжээ.
Үлдэгдэл төлбөрийг 1-2 жилийн хугацаанд төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэсэн ч орон сууцны компанийн зүгээс “тийм хямдхан орон сууцаа борлуулах боломжгүй” гэж хэлээд хөөсөн байна. Ингээд байрны урьдчилгаа өгсөн иргэд байр ч үгүй, урьдчилгаа мөнгө ч үгүй хоцорчээ.
Залилан хийсэн байж болзошгүй хосууд дээрх хугацаанд АСЕМ ВИЛЛА хаус хотхонд амьдарч, Централ таурын 17 давхарт ресторан худалдаж авч, аав ээжийгээ Ривер Гарден хотхонд оруулж, 9911-тэй дугаар барьж, Лексус-570 машин хөлөглөн, тэр ч бүү хэл зарим нь УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт бие даан нэр дэвшсэн гэх мэдээлэл байна.