“Зөв зүүж, зөв хаяцгаая” аян хэрэглэсэн маскийг устгах ажлыг өрнүүлж байна
“Зөв зүүж, зөв хаяцгаая” аяны хүрээнд нэг удаагийн хэрэглэсэн маскийг устгах ажлыг өрнүүлээд байна. Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн магистрантын ангийн оюутнуудын санаачилга, Эм Холбоо Төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй энэхүү аяны зорилго Улаанбаатар хотод байрлах гэрээт эмийн сангийн сүлжээгээр дамжуулан цуглуулж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар устгуулснаар хүн, ан амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлж буй хор нөлөөг бууруулахад оршино.
2021 оны 6-р сарын 2 – КОВИД-19 цар тахлаас үүдэн хүн төрөлхтний маскийн хэрэглээ хэд дахин нэмэгдэхийн хэрээр хэрэглэсэн маск хаягдал нэмэгдэж байна. Ил задгай хаясан амны маск эрүүл ахуйд нөлөөлөөд зогсохгүй хүрээлэн буй орчин бохирдуулж, ан амьтад, цэвэр ус, хөрс тэдгээрийн экосистемд бодитоор заналхийлж байна. Ил задгай орхисон маск 450 жил зарахгүй байгаль орчин бохирдуулж болохыг судалгаагаар тогтоожээ.
Нэг удаагийн амны маск нь хуванцар утсаар хийгддэг тул байгальд задрахад дор хаяж 450 жил болдог. Харамсалтай нь бид хэрэглэсэн амны маскийг ялгалгүй энгийн хог хаягдалтай хамт хаяж байгаа нь ногоон байгаль, цаашлаад бидний эргэн тойрон, амьсгалах агаарт сөргөөр нөлөөлнө. Тиймээс хэрэглэсэн амны маскаа зориулалтын аргаар устгах, дахин боловсруулах шаардлага тулгараад байна.
Та ч мөн энэ аянд нэгдэх боломжтой. Хэрэглэсэн маскаа цуглуулж өөртөө ойр байрлах Монос, Ази Фарм, Монгол Эм Импекс Концерн эмийн сангийн салбарт байршуулсан зориулалтын саван хаяж нэгдээрэй. “Зөв зүүж, зөв хаяцгаая” аяны зохион байгуулагчид цугларсан нэг удаагийн хэрэглэсэн маскийг нэгтгэж Элемент Медикал ХХК зориулалтын машин тоног төхөөрөмжөөр тээвэрлэн байгаль орчин, эрүүл ахуйн стандарт нийцсэн хог устгах үйлдвэрт устгалд оруулах юм.
Байгальд орчин ээлтэй дэлхийн иргэн та “Зөв зүүж, зөв хаяцгаая” аянд идэвхтэй оролцоорой.
Таныг хамгаалсан амны хаалт байгаль орчныг хордуулах ёсгүй!
Холбоо барих.
99080135 – Намуундарь.