“Энхсаран” сувиллын асуудлыг нийтэд мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад оногдуулсан торгуулийг хүчингүй болгожээ

2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанаар Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй БНСУ-аас эрүүл ирээд “Энхсаран” сувилалд 21 хоногт тусгаарлалтад байх явцдаа COVID-19 өвчнөөр өвчилж, хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнээд түүнд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад, анх “Энхсаран” сувилалд гадаадаас ирсэн иргэдийг 14-28 хоног тусгаарлаж байх үед тус сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас халдвар тарсан гэж үзэж буй тул цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Тухайн үед “Энхсаран” сувилалд тусгаарлалтад байсан иргэн Д.Мөнхбат өөрийгөө тус сувилалд тусгаарлагдах хугацаандаа халдвар авсан тухай нийтэд мэдээлсэн юм.

Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм холбогдох бусад журам заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *