Б.Цэцэг саналын хуудсаа олон нийтэд цацсан нь 10 сая төгрөгийн торгуультай
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ жилийн хувьд олон нийтийн дунд “Сонголт байхгүй учир цагаан хуудас уншуулна” гэсэн хандлага цөөн бус ажиглагдаад байгаа.
Гэхдээ цагаан сонголтын тоо дийлбэл дахин сонгууль зохион байгуулах нөхцөл бүрдэж, орлого тасарч улайсан төсвөөс дахин 8 тэрбум төгрөг зарлагадах юм. Энэ нь эрх баригч бус намуудын хувьд өшөө авалт маягийн процесс болох учраас Н.Алтанхуяг нарын хэд хэдэн гишүүд иргэдийг цагаан сонголтод уриалаад буй.
Тэгвэл өнөөдөр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад фэйсбүүктээ тавьжээ.
Тухайлбал саналын хуудас гардаж аваад, түүн дээр юу ч бөглөөгүй гэдгээ камерт ил харуулж, бүхээгт суулгүй шууд санал тоолох машин руу шургуулав. Ингээд иргэдийг ч мөн цагаан сонголт хийвэл үзэл бодолдоо үнэнч байгаагийн нэг хэлбэр гэх утгаар уриаллаа.
Харин дөнгөж сая СЕХ-ноос мэдээлэл хийж, саналын хуудсынхаа зураг, дүрсийг авч цахим орчинд байршуулах нь хуулиар хориотой гэдгийг онцолсон юм. Хувь хүний ямар сонголт хийсэн нь ямар ч үед нууц байх ёстой билээ.
Энэ үүднээс Б.Цэцэг хууль зөрчиж, мөн цагаан сонголтод иргэдийг уриалсан нь шүүмжлэл дагуулж байна. Түүний эл үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 17.1.30-д заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгийн торгуультай гэдгийг албаны хүмүүс онцоллоо.