Mamamoo хамтлаг Монголд ирэх төлөвлөгөөтэй байна
Хүчирхэг хоолой, бүжгийн өвөрмөц хөдөлгөөнөөрөө алдартай MAMAMOO хамтлаг Монголд ирэхээр төлөвлөжээ. Зургадугаар сарын 6-ны өдөр, MAMAMOO хамтлагийн Moonbyul, Wheein, Hwasa нар Vlive сувгаараа шууд дамжуулалт хийж, сүүлийн үед хийж буй уран бүтээл болон хамтлагийн цаашдын үйл ажиллагааны тухай ярьжээ.
Тус шууд дамжуулалтын үеэр MAMAMOO хамтлагийн шүтэн бишрэгчдийн дийлэнх нь сэтгэгдлээ англи хэл дээр бичсэн бөгөөд тэдгээр сэтгэгдлийг анзаарсан гишүүд цаашид олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй тухайгаа мэдэгджээ.
Ийнхүү Wheein:– “Бид Монгол руу явахаар төлөвлөж байгаа” хэмээхэд Moonbyul: – “Тийм шүү, дэлхий даяар аялна. Бид танайд зочилно оо” гэжээ.
Хэрвээ MAMAMOO хамтлаг Монголд ирж тоглолт хийвэл энэ нь тэдний манай улсад ирж буй хоёр дахь тохиолдол болох юм. Тодруулбал, 2015 онд БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойн тоглолтод MAMAMOO хамтлаг оролцсон билээ. Ташрамд сонирхуулахад, MAMAMOO хамтлаг нь 2014 онд анхны уран бүтээлээ гаргасан бөгөөд өдгөө к-поп ертөнцийн шилдэг эмэгтэй хамтлагийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм.
Энэ онд тус хамтлагийн гэрээний хугацаа дуусах бөгөөд Solar, Moonbyul, Hwasa нар гэрээгээ сунгасан бол Wheein-ий зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй байгаа аж. Гэсэн хэдий ч RBW энтертайнментаас MAMAMOO хамтлагийг тарахгүй хэмээгээд цаашид илүү их дэмжиж ажиллахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Allkpop