У.Хүрэлсүх бидэнд ЮУ АМЛАВ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль боллоо. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 829.128 хүний санал авч 67.9 хувиар илт давуу ялалт байгуулаад байна.

Тэгвэл У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулж иргэдэд юу гэж амласныг харцгаая. Мөрийн хөтөлбөрөөс онцлох долоон заалтыг хүргэж байна.

АВЛИГАГҮЙ УЛС

Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.

ҮР ӨГӨӨЖТЭЙ ОЮУТОЛГОЙ

Оюу толгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. Дубайн гэрээг хүчингүй болгох чиглэлээр хамтарч ажиллана.

ГАДААД БОДЛОГО

Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу тал, төрийн бодлогын залгамж чанараа хадгалан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг дэвшүүлэн ажиллана. “Хүчирхэг монгол паспорт” хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.

ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОГЧ УЛС

Эх орноо цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС III-ын өргөтгөл, 10 аймгийн дулааны цахилгаан станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжин ажиллана.

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ

Монголын соёлын өвийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх бодлого хэрэгжүүлж, “Нүүдэллэх Монгол зан үйл”, “Говийн хадны зургийн цогцолбор”, “Хүннүгийн язгууртны булш”, “Өндөр гэгээн Занабазарын хийц”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг өв соёлоо ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.

БОЛОВСРОЛ

Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ЕБС-ийн бага, дунд, ахлах ангий болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.

ХӨДӨӨ НУТАГ-ХӨГЖЛИЙН ТУЛГУУР

“Аймаг бүрд-жишиг бүтээн байгуулалт” хөтөлбөр санаачилж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Аймаг, сумдын төвд, цэвэр, бохир ус, дулааны шугам, мэдээлэл холбооны сүлжээг өргөтгөн хөгжүүлж, төрөлх нутаг, төрсөн сумандаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгнө.

У.Хүрэлсүх-2021 Энэд дарж мөрийн хөтөлбөрийн бүрэн эх хувилбартай танилцана уу

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *