Гар тооллого буюу хяналтын тооллогыг улсын хэмжээнд хийж дууслаа
Өнөөдөр улсын хэмжээгээр гар тооллого буюу хяналтын тооллого хийж дууслаа. Улсын хэмжээнд санал авах 2088 () хэсгийн хороонд нийт 1,216,246 хүн саналаа өглөө. Энэ нь 59.35 хувийн ирцтэй байна. 2,049,379 сонгогчийн нэрс байсан.
Бүх дүн урьдчилсан байдлаар танилцуулж байна.
2021 оны зургаадугаар сарын 10-ны 15:00 цагийн байдлаар эцсийн дүн нь
- У.Хүрэлсүх – 823,326 /66,76 хувь/
- С.Эрдэнэ – 78,832 /5.99 хувь/
- Д.Энхбат – 246,968 /20,33 хувь/ саналтай байна.
- Цагаан сонголт 71,937 /5.92 хувь/
Гадаадад байгаа иргэдийн саналыг өнгөрсөн шөнө тоолж, баталгаажуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ирц бага байлаа.
Бүх шатны сонгуулийн хэсгийн хороонд 21,394 хүн ажилласан.
СЕХ: Сонгуулийн дүнг маш сайн нягтлах ёстой. Дүнгүүдээ эцэслэн хянаж, холбогдох материалтай нь тулгаад СЕХ-ны хурлаар хэлэлцэнэ. Хурлаар баталгаажуулсны дараа албан ёсоор нийтэд мэдээлж УИХ-д өргөн барина. Хуулиар 10 хоногт УИХ-д өргөн барих учиртай.
Санал авах өдөрт 670 дуудлага мэдээлэл ирснээс 76 хувь нь санал авах байрын хаяг байршлын мэдээллийг тодруулсан. 14 хувь нь зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдол. Зарим тохиолдол хавтас өгөөгүй, камерын байршилтай холбоотой. 35 гомдол нь ажиглагчтай холбоотой байсан ба бичлэг хийхэд нь саад болсон гэсэн. СЕХ-ноос тухайн хэсгийн хороотой нь шууд холбоо барьж асуудлыг газар дээр нь шийдсэн. Улсын хэмжээнд ажиллаж буй 2087 хэсгийн хороонд хяналтын камер байршуулсан учир шууд ажиглалтаа хийсэн. Өмнөх сонгуультай харьцуулахад өргөдөл бага, тайван болж өнгөрлөө.
Цахим сонгууль зохион байгуулдаг олон улсын туршлагыг судалсан. УИХ-ын цахим бодлогын байнгын хороонд хандсан учраас ажлын хэсэг гараад энэ асуудлыг шийдэх байх. Цахим сонгуулийг төлбөр хийж байгаатай адил хялбархнаар бодож болохгүй. Сонгуулийн системээ бүхэлд нь цахимжуулсан улс дэлхийд байхгүй.
Гар тооллогын дүнг, машины дүнтэй тулгах ажил үлдсэн.
Сонгуулийн хуудсыг урах, илүү тэмдэглэгээ хийх зэргээс болж зарим саналын хуудас машинд уншигдаагүй. Энэ үед хэсгийн хорооноос хоёр саналын хуудсыг өгсөн. Төхөөрөмжид уншуулчхаад амжилттай уншигдлаа гэсэн бичиг гарахыг хүлээхгүйгээр гарснаас болж зарим санал уншигдаагүй хоцорсон. Ийм 1000 гаруй саналын зөрүү байна.