Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хурал хоёр дахиа хойшилжээ
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх шалтгаанаар өнгөрөгч нэгдүгээр 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн.
Өнгөрсөн хугацаанд нам жим байсан Д.Нямхүү эмч сайд солигдсоны дараа буюу өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хууль бусаар ажлаас халагдсан” гэх ЭМЯ-нд холбогдох нэхэмжлэлийг гаргаад байв.
Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 27-нд Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хурал болох байсан ч ЭМЯ-ны хүсэлтээр хойшилсон.
Шалтгаан нь Яамны зүгээс “Шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтэй байна” гэснээр шүүх хурлыг зургаадугаар сарын 11-ны 11:00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдөр шүүх хурал болох байсан ч дахин хойшилжээ. Учир нь Эрүүл мэндийн яамнаас нэмж өмгөөлөгч авна гэх хүсэлт гаргаснаар хурлыг энэ сарын 22-ны 16.00 цаг хүртэл хойшлууллаа.