“Ковидгүй Зун” хүссэн ковидын эрэлчид
Улс даяар дархлаажуулалтын аян эхлээд даруй 4 сар өнгөрчхөөд байхад өөдгүй муу өвчин өдөр ирэх тусам олшрох нь хэний буруу юм бүү мэд.
Сонгуульд хамгийн бага ирцтэй насны залуус вакцины ирц дээр ч ялгаагүй шал арчиж байна гэх. Тэгсэн хэрнээ “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” гэх уриа лоозон шиг үг гаргачхаад зуны дулаан эхлүүт гол усны эрэг даган зугаацаж эхлэв. Бодвол яриад байгаа ковидгүй зун нь ковид байхгүй хэмээн итгэж, эрсдлээ тооцолгүй зугаацах юм болов уу?
Асуудал улам хүндрээд байхад энд тэндэхийн баар цэнгээний газрууд хаалгаа нээж, шөнийн 22:00 цаг хүртэл залуучуудыг бөөгнүүлдэг болж. Тагт аа онгойлгоод байшин дээр бүжиглэдэг, тааваараа суугаад архидан согтуурдаг болж. Харамсалтай нь архи, шар айргийг амандаа оруулахдаа маск зүүх боломжгүй аж.
Уг нь вакциныг тэгтлээ эсэргүүцээд байгаа хүн байхгүй, нэг сая зургаан зуун мянган хүн аль хэдийн 2 дугаар тундаа бүрэн хамрагдсан байна гэх. ААН-үүд, амьдралаа авч явах гэж хичээх хувийн хэвшлийнхний ирээдүйг бодсондоо хөгшин залуугүй авах ёстой арга хэмжээгээ авч, хэдэн оюутан нь гэртээ хичээллээд, хэн бүхэн хоригдохдоо хоригдоод явж байгаа нь үнэн.
Харин тоомжиргүй хэдэн залуучууд нь хавьтсан ойртсоныхоо тоог алдаж, гэртээ суугаа энхрий бяцхан үрс, эмгэд, өвгөдөө вакцинжуулалтад хамрагдаагүй байгааг мартжээ. Жирэмсэн эхчүүдийн айгаад байгаа вакциныг шахуулчхаад, жилжингээ ажиллах халдварын бамбай аятай үзэж, маскаа ч нэг авч үзээд, маргаашаа бодохгүй шоудаж байна даа.
Өнөөдөр 2188 буюу анх Монголд халдварын кэйс бүртгэгдсэнээс хойш хорин дөрвөн цагийн хугацаанд илэрсэн хамгийн их тохиолдол бүртгэгдээдхэв. Ийм нэгэн аюулыг сөрж энд тэндгүй зугаацах залуусаас жирэмсэн ээжүүдийн амь нас, жиргэх багачуудын амьдрал, хөгшин настай эмээ, өвөө нарын эрүүл саруул энх тунх амьдрах баталгааг нэхмээр байна.
Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын бурууг Засгийн Газарт чихэж, өөрсдөө болохоор их л дуулгавартай хоригдож байсан аятай аашлах нь нууцаар орон нутгийн хил давж явсан, олон арваараа цуглаж архидсан, өвчин тусаад нуусан, өрөөлийг эрсдэлд оруулсан бүхнээс гарах учиртай үйлдэл биш юм.
Үнэхээр л ковидгүй зуныг хүсэж байгаа юм бол үүсээд байгаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, үүрэг болгосон зүйлсийг нь эртхэн гүйцэлдүүлэх ухамсрыг залуустаа хүсэх юм. Вакцинаа тариулаад сонгуулийн үеэр суусан шигээ гэртээ хэд хоног суучихвал өдөрт хоёр, гурван мянган тохиолдол гараа ч уу, үгүй ч үү. Аль эсвэл бүх зүйл Засгийн Газрын арчаагүйнх юм болов уу даа…