|

Б.Доржнанжид: Одоо гарч ирж буй Doid бол хэний ч мэдэхгүй хүн

Монголын дуу хөгжмийн ертөнцөд ойрын хэдэн жилд үзэгдээгүй  содон хэмнэл, онцгой клипний хослол бүхий “Love” дуу мэндэлж, сонсогч олны таашаалыг хүлээв.
 

“Me and You“ хэмээх эхний цомгийнх нь ууган уран бүтээл болох “Love“ дуу нь долоо хоног хүрэхгүй хугацаанд 100.000 хүний хүртээл болоод байна.

Doid буюу Б.Доржнанжид нь Хүмүүнлэгийн их сургуулийг маркетингаар бакалаврын дипломоо хамгаалсан бол магистраа эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсжээ. Мэргэжлээрээ таван жил ажилласныхаа дараа жил хагас гадаад, дотоодоор аялж, өөртэйгөө ярилцсаны эцэст нь уран бүтээлийн ажилдаа шамдсан байна. Ингээд Doid буюу  Б.Доржнанжидтай ярилцсанаа хүргэе.

ХАЙРЫН ФИЛОСОФИ ИЙМЭРХҮҮ БАЙХ БОЛОВ УУ ГЭЖ БОДСОН НЬ Л ЭНЭ УРАН БҮТЭЭЛ

Юуны өмнө шинэхэн уран бүтээлээ олон нийтийн хүртээл болгосонд баяр хүргэе. Эрх зүйч хүн яагаад урлагийн амьдралыг сонгох болов?

-Баярлалаа. 2011 оноос  дууны үг бичиж эхэлсэн. Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Дуулах бол миний хийх ёстой зүйлүүдийн минь л нэг.

“Love” дууны тухай ярилцъя. Таны хоолойн өнгөнөөс гадна, клипний зураг авалт их онцгой, өвөрмөц санагдсан. “Энэ  хоёр хоорондоо их сайхан зохицжээ” гэж сонсогчид үнэлсэн байна лээ?

– Love дуу 2014 онд бичигдсэн. Дууны аяыг би яг иймэрхүү гээд жишээ ая олон, дотроо зөөлөн байх ёстой гэж төсөөлж байсан. Аян дээр “HYP community” студийн Маараа, Мөрөн буюу “Suon” хамтлагийн хоёр маань зүрх сэтгэлээ зориулж ажилласан. Мөн “HYP community” Туана ах микс, мастер дээр дууг нилээн өргөн агаартай болгож өгсөн нь хүмүүст гоё сонсогдож байгаа байх.

АНУ, Япон, Солонгос гэх мэт улсууд өөрсдийн гэсэн хайрын философитой. Гэтэл яг Монгол хайр гэхээр ямар хайр байдгийг ийм гээд бичиж, тууривсан зүйл олж үзээгүй. Ромео, Жульетта хоёр шиг түгсэн гайхалтай хайрын түүх монголд хэрэгтэй байх. Өөрийнхөө өнцгөөс хайрын философи иймэрхүү байх болов уу даа гэж бодсон нь л энэ уран бүтээл юм.

Түүхэн хүмүүсийн хайр дурлалыг харуулахыг зорьсон. Клипний утга санааны хувьд тэр үед ч хайр байсан, одоо ч байна. Цаашид ч хайр байсаар байх болно, гэхдээ хайрыг ямар байлгах вэ гэдгийг өөрсдөө л шийднэ.

 

Удаан хугацаанд дотроо бодож төлөвлөсөн бүтээлээ үзээд юу мэдрэгдсэн бэ?

-Хамгийн анхны сэтгэгдэл нь би их өөр өөр л харагдаад байна даа гэж харсан. /инээв/ Анхнаасаа төсөөлөл гарчихсан байсан. Түүндээ хүргэх гэж чамлаж өөлсөн зүйлүүд бий.

Гэхдээ хүмүүст ингэж хүрнэ гэж бодоогүй. Хамгийн эхний уран бүтээлээ өөрийн танилцуулга байдлаар гаргая гэж бодсон. Хүмүүсийн сэтгэгдлүүд маш сайхан байсан.

 

Жишээ нь?

-Жишээ нь, Монголд ийм зүйл дутагдаж байлаа. Ая дуу, үг нь ямар гоё юм бэ гэх мэт. Би ингэж хэлнэ гэж огт бодоогүй. Яахав хичээгээд нэг зүйл хийж дээ л гэх байх гэж бодож байлаа. Үүнээс илүү хүлээж авахад нь их гайхсан л даа. Гэхдээ гоё зүйл хийх гээд өөрсдийн нөөц бололцоогоороо зүтгэж буй сайн залуучууд зөндөө бий.

Таны хамгийн дуртай уран бүтээлч хэн бэ?

– Оросын Леван Горозия реппер.

 

 

Таны амьдралын хамгийн чухал 3 зарчим юу вэ?
 
-Надад 4 зарчим бий. Өөрийгөө толинд харах бүртээ “Цэвэр, соёл, мэдлэг бас чадвар” гэж өөртөө хэлдэг.

Таны цаашдын төлөвлөгөө?

-Би хувиараа бизнес эрхлэгч. Уран бүтээлээ үргэлжлүүлэн нийт арван дуутай “Me and You”  нэртэй эхний цомгоо хийж байна. Үлдсэн есөн дууныхаа ерөнхий зохиолыг биччихсэн,  түүндээ төвлөрөн ажиллаж байна. Мөн дараа жил хоёр дах цомгоо гаргахаар төлөвлөсөн. Ер нь цаашлаад боловсролын салбарлуу түлхүү чиглэж, төсөл хөтөлбөрт хамтарч ажиллах сонирхолтой байдаг.

Одоо гарч ирж буй артист, уран бүтээлчид, нөлөөлөгч залуучууд илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Өсвөр насныхан шүүлтүүргүйгээр тэдгээр хүмүүсийн сайн талыг нь биш муу талыг даган дуурайх нь алдаа юм шиг.

Түүнийг нэг ч гэсэн миний үеийнхэн ойлгуулах, нөгөө тал руу нь залж, зөвлөж залруулах хэрэгтэй байх.

 

Таныг эхнэр эсвэл найз охинтой юу гэсэн асуулт сонсогчдоос их ирсэн байна. Танд хайртай хүн бий юу?

– Тийм үү /инээв/ Байхгүй ээ. Бөгж зүүхэд хамгийн эвтэйхэн нь ядам хуруу байдаг. Клипэн дээр бөгжөө тайлна гэж байгаад зүүчихсэн байсан. Одооноос гэр бүл төлөвлөлт анхаарах хэрэгтэй  гэж боддог. Гэхдээ таарч, тохирох хүн байх хэрэгтэй . Надруу хүмүүс нэг их ойртож чаддаггүй. Уг нь би хүн болгонтой нээлттэй харилцдаг. Харин намайг гэж ирсэн хүн тун ховор. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч сайн найз минь үүний талаар хэлэхдээ, харилцахад амар хүн гэж бий. Нөгөө талаар цаанаасаа нэг  харилцахад хүнд хүн гэж бий.

Харин намайг харилцахад хэцүү хүн гэж хэлсэн. Энэ үнэний ортой ч байж магадгүй. Би ширүүн төрхтэй харагддаг байх. Гэхдээ уулзаад үзэхэд арай нөхөрсөг л дөө.

DOID БОЛ ИХ ХАРИЗМАТИК ХҮН 

Доржнанжид гэдэг хүний энэ зан чанараас Doid хэмээх уран бүтээлч юугаараа өөр вэ?

– Энэ хоёр хүн огт өөр хоёр хүн юм.Хүн өөрийнхөө хүссэн юмыг  хийж байхдаа их бардам байдаг даа.

Doid бол их харизматик хүн юм. Би амьдрал дээрээ тийм ч харизматик хүн биш.

2008 оноос гудамжны бүжгээр хичээллэж байгаад 2015 оноос орхисон. Бүжиглэж байхдаа маш харизматик, гал цогтой, араатан шиг л байдаг байлаа. Дуулж байхдаа ч энэ чанар гарах байх гэж бодож байна. Клипэн дээр гэвэл би тухайн дүрүүддээ орох гэж их хичээсэн. Хүн болгон өөр тул өөр өөр  тоглолт хийх хэрэгтэй болсон.

 

 

Гудамжны бүжгээр хичээллэж байсан гэлээ. Тэгвэл цаашдаа клипэндээ зориулж бүжиглэх үү?

-Үгүй. Дэглэлттэй бүжиг байхгүй ч богино сцениүд дараагийн клидүүдэд орно. Одоо энэ гарч ирж буй Doid бол хэний ч мэдэхгүй хүн л дээ.

Ярилцсанд баярлалаа

Т.НОМИН

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *