УИХ-ын дарга ХЭҮК-ын даргаар хэнийг томилохоо санал болгоогүй байна

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад тус комиссын гишүүнд нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан таван нэр дэвшигчийг УИХ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд томилсон. Тодруулбал, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Д.Сүнжид, Х.Мөнхзул нар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилогдсон юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт арваннэгдүгээр сарын 18-нд Хүний эрхийн үндэсний комисст очиж шинэ гишүүдэд үнэмлэх, тамга, тэмдгийг гардуулснаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Хунанг томилсон юм. Түүнээс хойш тус байгууллага өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэгч даргатай явж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонсох үеэр Н.Алтанухуяг гишүүн тус байгууллага яагаад өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгч даргатай явж байгааг тодруулсан юм. Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгөхдөө “Хүний эрхийн үндэсний комиссын даргыг УИХ-ын дарга гишүүд дотроос нь сонгон санал болгож томилдог. Одоогоор УИХ-ын дарга хэнийг нь ч санал болгоогүй байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *