“ МАН залууст хөгжих, дэвжих боломж олгодог нам болно”
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийжээ.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг үнэмлэхүй олонхийн саналаар сонгож “Баялагтаа эзэн Монгол”-ын төлөө сонголт хийж, МАН-д дахин итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа.
2016, 2020 оны УИХ-ын сонгуулиуд болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ийнхүү удаа дараалан МАН-д итгэл өгч байгаа сонгогч та бүхнийхээ энэ их итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид хичээн ажиллах болно. Улс төр тогтвортой, улс төрийн нам тэр дундаа төрийн эрх барьж байгаа улс төрийн нам тогтвортой, зөв бодлого явуулж чадвал улс орон, хүн ардад үр дүн нь хэрхэн мэдрэгдэж, ямар хэмжээний хөгжил дэвшил авчирч болдог юм бэ гэдгийг бид харуулах учиртай.
Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Ардын Намаа олон түмэнд нээлттэй, цахим, бодлогын нам болох тухайд томоохон шинэчлэлүүдийг намын дарга У.Хүрэлсүхийн хамт эхлүүлээд байгаа.
Цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ.
“Хүн” төвтэй зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн намын хувьд Монгол Ардын Нам хүний эрхийг хамгаалах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүн болон иргэний нийгмийн ба олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.
Хурдтай өөрчлөгдөж буй манай дэлхий ертөнцийн технологийн дэвшил, улс орнуудын хөгжлийн ялгаа, хотжилт, орлогын тэгш бус байдлыг КОВИД-19 цар тахал улам бүр гүнзгийрүүлж бидний өмнө том сорилт бий болгож байгааг та бид харж байна.
Эрүүл мэнд, боловсрол хэмээх хүний хөгжлийн төрийн суурь үйлчилгээнүүдийг тэгш хамруулсан, тэгш боломж олгодог байдлаар өөрчлөх, ашиг хонжоонд суурилсан бус нийгмийн шударга ёсны төлөөх хэрэгсэл болгон хүргэх тухайд бодлогын болон бусад шинэчлэлийг МАН хийх болно. Энэ тухайд хувийн хэвшлийнхэн болон ард иргэдтэйгээ хамтран ажиллаж чинээлэг дундаж давхаргыг бэхжүүлэхийг зорино.
МАН-ын дараагийн нэг анхаарах бодлого бол цахим шилжилтийг дэмжих, тэгш бус байдлыг арилгах зорилго бүхий нийгмийн инновацийн төслүүдийг дэмжих явдал.
Мэдээллийн технологи нь тэгш бус байдлыг арилгаж байх ёстой юм. Гэвч зарим улс орнуудад цахим шилжилт нь “цахим хуваагдал” гэгчийг бий болгож хот хөдөө, баян ядуугийн ялгаанаас үүдэлтэй тэгш бус байдлыг улам хөөргөдөх аюултай байгаа нь Монголд тод илэрлээ. Төрийн үйлчилгээг цахим руу шилжүүлэх ажлуудыг улам эрчимжүүлэх, хот, хөдөө хаана байгаагаас үл хамааран тэгш боломжийг иргэддээ олгох нь цахим шилжилтийн гол зорилго байх ёстой.
Тийм учраас МАН цахим шилжилтийг эрчимжүүлэх, тэгш бус байдлыг арилгах тухайд онцгойлон анхаарна. Инноваци, бүтээлч байдал, старт апп бизнес эрхлэх, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх, цагийн хөлсний үнэлгээнд шилжих бодлогыг дэмжиж ажиллана.
МАН залууст хөгжих, дэвжих боломж олгодог нам болно. Монгол улс залуучуудын орон, хүн амын гуравны нэг нь 15-34 насны залуучууд байдаг тул бусад улсуудтай харьцуулахад бид аливаа шилжилтийг хурдтай хийх боломжтой гэж би боддог” гэжээ.