ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын шинэчилсэн журам
Монгол Улсын ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан.
Харин УИХ өчигдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх журмыг шинэчлэн батлах тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
Тухайлбал, шинэ журамд:
- Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангараг өргөх ёслолын дараа буцаан байранд нь зална. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн, Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Жагсаал зохион байгуулахад шаардлагатай төсвийн талаарх мэдээлэл одоогоор алга. Гэсэн ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалд зааснаар Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөжээ.
- Түүнчлэн шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий (нөхөр)-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод8 Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд морилно. Үүний дараа УИХ-ын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэнэ.
- Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд явуулна гэж тус тус заажээ.
- Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёслон, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна. Түүнчлэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж, баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгажээ.