ГБХЗХГ төрийн бус байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нийслэл, дүүрэг, аймаг, сумдад гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй өчигдөр /06.17/ цахимаар уулзлаа.
Уулзалтад ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг болон аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГазар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцож, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааны зорилго, чиглэлээ танилцууллаа.
Үргэлжлүүлэн төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдийн эрхийн чиглэлээрх сургалт, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийг тогтмол солилцдог байх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний үнэлгээ, зардлыг тодорхой болгох, үйлчилгээний мэдээллийг мэдээллийн санд оруулдаг байх зэрэг олон асуудлыг ярилцаж санал солилцлоо.
Уулзалтын үеэр ТББ-уудын зүгээс илэрхийлж байсан саналуудыг тэмдэглэн авч, цаашид энэхүү уулзалтыг тогтмолжуулж, сэдэвчилсэн уулзалт болгож, мэдээлэл, санал тогтмол солилцдог байх, 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдээ тухайн орон нутгийн байгууллага нь төрийн бус байгууллагатайгаа хэрхэн хамтарч ажилласныг үнэлдэг болох, цаашид би биш бид гэсэн нэгдмэл байдлаар хандлагаа өөрчилж, байнгын уялдаа холбоотой ажилладаг тогтолцоог бий болгон ажиллах болно гэдгийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж онцоллоо.