Москва хотод коронавирусийн илүү аюултай, шинэ хувилбар тархжээ
Өчигдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Орос улсын Москва хотод вирусын өөр нэгэн шинэ хувилбар илэрч, өмнөхөөсөө илүү аюултай нөхцөл байдал үүсгээд байгаа тухай хотын захирагч Сергей Собянин мэдэгджээ.
Өнгөрсөн Ням гарагт Москва хотод халдварын 7,704 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойших хамгийн өндөр өсөлт болсон байна. Тухайн өдөр Орос даяар нийт 14,723 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоёрдугаар сарын 13-наас хойших хамгийн өндөр өсөлт болжээ.
Баасан гарагийн тоо 9,000 давах төлөвтэй байгаа ба хэрвээ ингэвэл цар тахал эхэлсэн цагаас хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлт болж бүртгэгдэхийг Собянин мэдэгджээ.
Гэхдээ хотын захирагч вирусийн яг аль хувилбар тархаад байгаа талаар хэлээгүй байна.
Халдварын шинэ давалгаа эхэлсэнтэй холбоотойгоор Москва хотод вакцинжуулалтад хамрагдах иргэдийн тоо гурав дахин өсөж, цаашдаа үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг Собянин засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн байна.