БГД-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилчид нэг өдрийн цалингаа өвчтөнүүдэд хандивлалаа
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ.
Мөн Ковид-19 өвчний халдвар авч, халдварын эсрэг эмийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүй байгаа нэгэндээ зориулж эмчилгээний багц өгөхөөр нэг өдрийн цалин болох нийт 3,000,000 /гурван сая төгрөг/-ийг хандивлажээ.
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон бусад дүүргүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалжээ.
Уг аяны зорилго нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах Ковид-19 өвчний эсрэг эмчилгээний багц худалдан авч зорилтод бүлгийн иргэдэд өгөхөд оршино.
Баянгол дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн олон өвчтөн хүлээн авах ор дэлгэн ажиллуулж байгаа хэдий ч халдвар авч гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдээс өрхийн амьжиргааны төвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд Коронавирусын эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүйгээс өвчний байдлыг хүндрүүлэх, улмаар амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэхүү сайн үйлсийн аянд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон бусад дүүргүүд ч мөн адил нэгдэн ард иргэдээ аюулт өвчлөлөөс хамтдаа аврахыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.