Наадмын үйл ажиллагааг эсэргүүцэгчдийг цагдаагийн албаныхан баривчилжээ
#NoNaadam уриан дор эвлэлдэн, наадмын үйл ажиллагааг зохион байгуулахыг эсэргүүцэж, дуу хоолойгоо өргөж буй бүлэг залуусыг төв талбайн зүг самбараа барьж ойртохыг нь хориглож улмаар, цагдаагийн байгууллагын ажилчид бүслэн хяналтандаа авчээ.
Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өрнөж байгаа тул явган хүний замын зурааснаас хэтэрч, төв талбайд ойртож болохгүй гэж цагдаагийн ажилчид мэдэгдээд байна.
Харин яг ямар тодорхой үндэслэл, шалтгаанаар иргэдийг явган хүний замруу нэвтрүүлэхгүй байгаа тухай сэтгүүлчийн асуултад хариулт өгөөгүй байна.
Одоогийн байдлаар 2 залууг цагдаагийн алба хаагчид хүч ашиглан баривчилсан ба үлдсэн 21 иргэнийг мөн 20 гаруй тооны цагдаа нар бүслэн хяналтандаа авч, үйл хөдлөлийг нь хязгаарлаад байна.
Харин эсэргүүцэл зарлаж, дуу хоолойгоо хүргэхийг оролдож буй эдгээр залуусын хувьд наадамд төсөвлөсөн мөнгөө ковидын эсрэг үйл ажиллагаа, хангамж, нөөц боломжид зориулахыг шаардаж байна гэлээ.