Өвөрхангай аймаг 90 жилийн ой, сумын наадмаа ЦУЦАЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. 

Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ  мэдэгдлээ.

Тэрбээр “Эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ, энэ жилдээ бид ковидгүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа  уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтой” гэв.

Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож буй. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллана гэж Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *