УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид бараалхжээ
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсжээ.
Уулзалтын үеэр АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намуудын тухай хуульд оруулах өөрчлөлтөд онцгой анхаарах, уг хууль нь улс төрийн намуудын төлөвшил, улмаар Монгол Улсын хөгжил, тогтвортой байдалд чухал нөлөөтэй болохыг онцолсон байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурийг сонсжээ.
Мөн эмэгтэйчүүдийн эрх, улс төрийн оролцоо, хөрш орнуудтай харилцах харилцаа, ковидын нөхцөл байдал, цар тахалтай тэмцэж буй эмч нарын цалин хангамж, үндэстний цөөнхийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг асуудлаар УИХ дахь АН-ын гишүүд санал бодлоо илэрхийлж цаашид Төрийн тэргүүнийг эдгээр асуудалд онцгой анхааран хамтран ажиллахыг хүсжээ.
Бүлгийн дарга Д.Ганбат “АН 30 жилийн турш ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, шударга ёс, тэгш эрхийг бэхжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. Цаашид ч үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх тул Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү үнэт зүйлийн төлөө дэмжин хамтран ажиллахыг хүсье” гэжээ. Түүнчлэн хэзээ хэзээнээс хүнд цар тахлын энэ цаг үеийг эв нэгдэлтэй байж давж гарна гэдгийг онцолсон байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АН-ын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлж, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө улс төрийн намууд, түүний дотор МАН болон АН эв нэгдэлтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон дурджээ. Мөн “Миний бие Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллана. Цаашлаад парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэсэн байна.