Б.Жавхлан: Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг бууруулснаар 94 тэрбумын алдагдал хүлээх нь
Төсвийн тодотгол болон бондын талаар Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2021 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх, Сангийн яамнаас боловсруулсан төслүүдээ Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ онд эдийн засгийн “В” хэлбэрийн өсөлт ажиглагдаж байна.
Энэ оны эхний улиралд өнгөрсөн онтой харьцуулахад эдийн засагт 3.4 хувийн өсөлт ажиглагдаж байна. Валютын нөөц 4.9 тэрбум доллар, мөнгөний нийлүүлэлт 30.4 хувьтай байна. Одоогоор инфляцын дундаж түвшин 6.2 хувьтай байна.
Төсвийн гүйцэтгэл тавдугаар сарын байдлаар бидний тооцоолсноор сайн үзүүлэлттэй гарлаа. Экспорт гацсан үед төсвийн орлого 97.2 хувьтай гүйцэтгэлтэй гарсан. Мөн түүхий эдийн үнэ өсөлттэй байсан нь чамлахааргүй үзүүлэлт юм.
Бид 2021 онд эдийн засаг 7.2 хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн ч 6.5 хувьд хүрнэ гэж тооцож байна. Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас гадна экспортын зогсолт нөлөөлсөн. Нүүрсний биет хэмжээгээр 367 тэрбумын орлого алдана гэж тооцсон. Гэсэн ч түүхий эдийн үнийн өсөлтөөр 90 гаруй хувьтай нөхнө гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг бууруулснаар 94 тэрбумын алдагдал хүлээх нь.
Бид гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна. Нэгдүгээрт, иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн бэлэн байдлын салбарыг хамгаалах чиглэлд 321.2 тэрбум төсөвлөв. Эрүүл мэндийн салбарын ажилчдын урамшуулалд 454.6 тэрбум, резиндент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төсөвлөсөн. Мөн иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгийг дэмжих чиглэлд 576 тэрбум төсөвлөв.
Он дуустал 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор боллоо. “Эрдэнэт” ТӨҮГ, “Тавантолгой” компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд олгож байсан цахилгаан дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төсвийн тодотголд тусгалаа. Энэ жилийн төсвийн тодотголыг Covid-19-ийн нөхцөл байдалд зориулна гэсэн концепц хийлээ.