Өршөөлийн тухай хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Уг төслийг өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Өршөөлийн хуулийн тухай төсөл боловсруулж байгаа талаар анх мэдэгдэж байсан юм.
Тэрээр “Өршөөлийн хуулийн төслийг боловсруулж байгаа. Өршөөлийн ажиллагаа гэдэг их амаргүй. 6000-7000 хоригдлын дундаас өршөөлд хамруулах асуудлыг ярьдаг. Өмнө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 1200 орчим хүн суллагддаг байсан. Мөн хорихоос өөр төрлийн ялыг өршөөлд хамрагддаг. Өршөөлийн ажиллагаа нэлээд хүн хүч шаарддаг ажил. Ер нь 100 жилийн ойгоор Өршөөлийн хууль гарна гэсэн хүлээлт олон нийтийн дунд ч, хоригдлуудын дунд ч бий. Тэгэхээр ямар нэгэн шийдвэр гарч таарах байх.
Өршөөлийн хуулийг 2015 оны баталсан хуулиар гаргана. Ял эдэлж байгаа хүмүүсийн дотор хуучин, шинэ хуулиар шийтгэгдсэн хүмүүс бий. Үүнийг хэрхэн шийдэх үү гэдэг асуудал бий. Авлига албан тушаалын хэрэг, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялаас хасалт хийх байх” гэсэн юм.