ТОДРУУЛГА: 6 настай унаач хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй АМИА АЛДЖЭЭ

Архангай аймгийн Өлзийт суманд нэг хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг морины уралдааныг тус сумын иргэд нууцаар өчигдөр буюу /2021.07.01/ өдөр зохион байгуулсан байна.

Энэ талаар бид Архангай аймгийн Өлзийт сумын Засаг дарга Г.Баттулгаас тодрууллаа.

– Өлзийт суманд нууц морины уралдаан болж, 6 настай хүүхэд амь насаа алдсан хэрэг гарчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-2021 оны 7-дугаар сарын 1-ний өдөр уралдааныг зохион байгуулсан байна. Бид буюу сумын удирдлагууд үүнийг огт мэдээгүй. Хүүхэд нас барсны дараа л  мэдлээ. Нууцаар зохион байгуулсан байна.

Ууг нь засаг даргын захирамж гарч, Морин спорт уяачдын холбоо, сумын засаг дарга үүрэг болгож морины сунгаа, уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан байсан. Хүүхэд Өгийнуур сумын харьяалалтай хүүхэд байсан.

-Хүүхдийг өөрийн төрсөн эцэг эх бус уяач хүн өөрийн морио унуулсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Өгийнуур сум болон Өлзийт сумын иргэд нийлж энэ наадмыг хийсэн байна.

-Бэсрэг буюу жижиг хэмжээний наадам болсон уу? 

-Нийтдээ 20-иод тооны морь уралдсан байна. Уралдаан зохион байгуулагдсан талаар мэдээлэл ирэхэд Тамгын газар, цагдаагийн ажилчидтай хамт 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг явж очих үед наадмыг тарааж, зугтаасан. Мөн жалган дотор нуугдсан 20-иод машин байсан.

-Хүүхдийн хувьд барианаас гараад явж байх үедээ унасан уу. Газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлж чадсан болов уу? 

-Тусламж үзүүлж чадаагүй. Уралдааны замд морь нь бүдэрсэн гэсэн мэдээлэл байна.

-Аймаг орон нутгийн удирдлагууд наадмыг зохион байгуулахгүй шийдвэр гаргаад байгаа шүү дээ. Архангай аймагт шийдвэр гарчихсан байсан. Харин сумын хувьд захирамж нь гарсан байсан уу? 

-Засгийн газраас коронавирусийн халдварын эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, эрсдэл багатай нутгуудад наадам зохион байгуулна гэсэн мэдээлэл хийсэн шүү дээ. Түүний дагуу иргэдэд горьдлого үүссэн байна. Долдугаар сарын 1, 2-ний өдөр наадам зарласан байсан. Харин үүнийг цуцалсан аймгийн захирамж гарсан. Аймаг наадмыг цуцалсан тул суманд зохион байгуулахгүй гэсэн тул хүмүүст шийдвэрээ дуулгаж, иргэд морио тавьж байсан.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *