“25 жилийн баталгаатай лифтийг 5 жилд төсвийн хөрөнгөөр сольж байна”
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) Гаалийн Ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, БХБЯ-нд хандан МУ-ын Засгийн газрын 291-р тогтоолыг заавал хэрэгжүүлэх албан шаардлагыг хүргүүлж байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “25 жил болсон лифтийг төсвийн хөрөнгөөр сольдог, шинэчилдэг.
Гэтэл гурван жил, таван жил болсон лифтнүүдийг төсвийн мөнгөөр сольж байна
Лифт унадаг асуудлууд гардаг. Монгол Улсын Засгийн газрын 291-р тогтоол гэж бий. 291-р тогтоолоор бол МУ-ын хилээр зайлшгүй тохирлын үнэлгээний гэрчилгээтэйгээр оруулах ёстой бараа бүтээгдэхүүний жагсаалт гэж байдаг. Мөн монгол улсын Стандарт хэмжилзүйн газраас авсан чанарын тохирлын гэрчилгээ буюу аюулгүй ажиллагааны баталгаажуулалтыг үндэслэн Монгол улсын хилээр нэвтрүүлэх ёстой байдаг.
Гэтэл өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд Засгийн газрын 291-р тогтоол бүрэн хэрэгжихгүй байна.
Үүн дээр маш олон нугалаатай холбоотой асуудлууд гарч байна. Тухайлбал,задалж оруулж ирж байна, задалж оруулж ирээд Монгол улсад угсраад, тухайн лифтийг ашиглалтад оруулж байна.
Уг нь задалсан лифт орж ирээд, угсрагдаад, ашиглалтад орохын өмнө заавал техникийн нөхцөлийн үнэлгээ хийгдэх ёстой. Үүнийг хийдэг албан ёсны байгууллага Монгол улсад байхгүй гэдгийг стандартчилал хэмжилзүйн газраас мэдэгдэж байна.
Хоёрдугаар томоохон хэмжээний зөрчил нь бол тодорхой хэмжээнд оруулж ирсэн лифт маань өөрөө 25 жилийн эдэлгээний хугацаатай, эрчим хүчний хэмнэлттэй байх ёстой гэдэг үндсэн шаардлага байдаг. 25 жил болсон лифтийг төсвийн хөрөнгөөр сольдог, шинэчилдэг. Гэтэл дөнгөж оруулж ирээд байр ашиглалтын гурван жилийн хугацаа дуусангуут хүлээлгэж өгөхдөө сольж байна. Таван жил болсон лифтнүүдийг төсвийн мөнгөөр сольж байна.” гэв.