Э.Даваажамц: Зэвсэгт хүчнийхээ “сайн тусгалтай толь” нь байя хэмээн бодож явдаг

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрийн биеэр харуулан иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчилж яваа түүнийг ЗХЖШ-аас хүндэтгэн угтлаа.

Э.Даваажамц долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон боловч, Үндэсний баяр наадам хойшилсон тул үргэлжлүүлэн гүйж, Дорнод аймагт хүрэхээр төлөвлөжээ.

Ингээд Э.Даваажамц болон түүний гэргий М.Мөнхзаяа нарын сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэе.

“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭЭ САЙН ТУСГАЛТАЙ ТОЛЬ НЬ БАЙЯ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ”

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц: Өнөөдөр 34 дэх өдрөө Ховд аймгаас гарч, Улаанбаатар хот хүртэл 1463 км замыг туулаад орж ирлээ. Энэ үйл ажиллагааны дараа зүүн аймагруу хөдөлнө. Зүүн аймаг хүртэл 655 км. Гэхдээ эцсийн байдлаар хэдэн км гэдгээ очсоны дараа л хэлэх боломжтой байна.

-Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл гүйхэд ямар хүнд бэрхшээлүүд тулгарч байв? 

-Мэдээж 34 хоног хээрээр явж, майхан саванд амьдарч явахад саад бэрхшээл гаралгүй л яахав. Салхи шуургатай үед гүйлтийн дараа унтаж амрахад нойроо авч чадахгүй ч гэдэг юм уу, иймэрхүү зүйлүүд гарсан.

Мөн дээрээс нь бороо орсон үед нойтон хувцастай хөдөлгөөн хийхэд маш хүнд хэцүү байсан. Иймэрхүү цаг агаарын нөхцөл байдал гэх мэт хүндрэлтэй зүйлүүд байлаа.

-Ар гэрийнхнийх нь санаа зовж байгаа байх. Таньд болон гэр бүлийнхэнд тань учрах эрсдлийг тооцсон уу? 

Гүйлтээ хийж эхлэхээс өмнө хувийн бэлтгэл буюу сэтгэл зүй болон бие бялдрын бэлтгэлээ маш сайн хангасан байсан тул өөрт санаа зовоод байх зүйл байгаагүй.

Одоо ард байгаа 3 хүүхдийг маань ээж минь харж байгаа тул их санаа зовох зүйлгүй явж байна.

Эхнэр бид хоёр сэтгэл зүрх нэгтэйгээр нэг зорилгын төлөө явж байгаа тул айхтар санаа зовох зүйл алга. Эхэнэдээ энгийн хүмүүс цэргийн хүнийг иймэрхүү зүйл хийнэ гэдэгт итгэж өгөхгүй, дургүйцэх, хэрэггүй хэмээн ятгах зүйлүүд байсан. Өөрийнхөө шийдсэн зорилгынхоо төлөө тууштай үнэнч байсан тул хөдөлгөөн эхэлсэн. Одоо гэрийнхэн бүгд дэмжиж байгаа. Яалт ч үгүй дэмжихэд л хүрч байна даа.

-Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөх нь таны зорилго мөн үү?

Мэдээж цэргийн албан хаагч хүн Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөөд явах нь тангарагт бий.

Тэр утгаараа зэвсэгт хүчнийхээ нэрийг хаана ч өндөрт өргөж явна. Зэвсэгт хүчнийхээ сайн тусгалтай толь нь байя хэмээн бодож явдаг.

Тэр ч утгаараа хүүхэд залуучууддаа үлгэр дуурайлал болж бие сэтгэлийнхээ тэвчээрийг харуулж, ард түмэн хүүхэд залуучууддаа нийтийн биеийн тамир, хөгжлийн спортод уриалан дуудаж өөрийн биеэр үлгэрлэн явж байна. Баг бүрэлдэхүүн надаас гадна 3 хүн бий. Манай эхнэр тогоочоор, эмч 113 ангийн эмч багийн эмч, хадам ах жолоочоор хамт явж байна. Нийт дөрвөн хүний баг бүрэлдэхүүнтэй явж байна.

“ХАНЬДАА ИТГЭСЭН УЧРААС ГҮЙХ САНАЛЫГ НЬ 100 ХУВЬ ДЭМЖСЭН”

Э.Даваажамцийн эхнэр М.Мөнхзаяа:  Ханьтайгаа 1500 км замыг 34 хоног хамт явж ирлээ. Хоол хүнсээ өгөөд, хань ижлийнхээ дархлааг дэмжих, сэтгэлийн урам өгөх байдлаар дэмжиж явж ирлээ. Миний төрсөн ах болон 123-р цэргийн ангийн эмч хамт явж байна.

-Э.Даваажамцийн биеийн байдал ямар байна вэ?

-Одоогийн байдлаар биеийн жингийн 2-3 кг хассан. Бусдаар ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Анх надад 2-дугаар сард гүйх тухайгаа хэлсэн. Би дэмжсэн. Яагаад гэвэл би арван хэдэн жил хамт амьдарсан. Цэргийн амьдрал ямар байдгийг мэддэг, өөрт нь итгэсэн учраас 100 хувь дэмжсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *