“Хишиг Арвин индустриал” ХХК ковид-19 халдвар авсан ажилтнуудаа хөсөр хаяж, уурхайчид голын эрэгт хоноглож контейнерт амьдарч байна
“Хишиг Арвин индустриал” ХХК ковид-19 халдвар авсан ажилтнуудаа хөсөр хаяж, улмаар уурхайчид голын эрэг, контейнэрт амьдарч байна.
Тодруулбал, тус компани 6-дугаар сарын 24-ний өдөр ажилтнуудаасаа нэгдсэн байдлаар ПСР-ийн шинжилгээ авахад Ковид-19 халдварын тохиолдлууд илэрчээ.
Улмаар 6-дугаар сарын 26-нд буюу хоёр хоногийн дараагаас 45 хүний суудалтай, кондейшнгүй автобусанд халдвар хамгааллын дэглэмгүйгээр ажилтнуудаа “чихэн” Улаанбаатар хотын зүг тээвэрлэжээ. Ажилчид нийслэлд хотод ирсэн даруйдаа дахин шинжилгээ өгөхөд зарим нь эерэг хариу авч тусгаарлагджээ. Харин сөрөг гарсан ажилчид гэртээ очиж, гэр бүлийнхэндээ халдаасан тохиолдлууд гарч эхэлсэн байна.
Харин эерэг гарсан ажилчид гэртээ очиж чадалгүй контейнерт болон голын эрэг дагуу хоног төөрүүлж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Харин “Хишиг Арвин индустриал” ХХК зүгээс компани халдвар тараагаагүй тул эдгээр хүмүүсийг “өөрсдөө учраа олцгоо” гэсэн байдлаар орхижээ.
Одоогийн байдлаар “Эрдэнэс Таван Толгой” ХК–ны Зүүн Цанхийн уурхайд ажиллаж буй Хишиг арвин индустрал ХХК-ий 300 гаруй ажилчдаас 200 нь ковид-19-ийн халдвар авсан нь батлагдаад байна.
Ажилчдын зүгээс уурхайд халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөнөөр тархсан хэмээн үзэж байгаа аж. Учир нь ажилчид кэймпдээ очих үедээ эрүүл байсан бөгөөд ажлын талбайгаас гараагүй тул ийнхүү үзсэн байна.
Ажилчид компани эмчилгээний зардлыг хариуцаж, цалинг бүрэнг олгох хуулийн заалттай гэж үзжээ. Харин тус компанийн зүгээс халдвар авсан ажилчдад цалин олгох үндэслэлгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ажээ.
Хишиг арвин индустрал ХХК нь 2015 оноос хойш “Эрдэнэс Таван Толгой” ХК–ны Зүүн Цанхийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг “TTJVCo” компанитай хамтран явуулж байгаа аж.
Бид ажилтнуудаас зарим мэдээллийг тодруулахад:
“Маш их гомдолтой байна. Зүв зүгээр ажлаа хийж явсан эхнэрээ уяж, хоёул хоёулаа ажилгүй, орлогогүй боллоо. Биднийг хотод оруулж ирээд “нохой төөрүүлэх мэт” хаясан.”
“Би халдвар авч удсанаас хүндэрч, амьсгалын аппарат зүүсэн. Одоо ажиллаж буйхүмүүсээ буулгаж эмнэлгийн бараа харуулах хэрэгтэй. Ямар харгис юм бэ. Бид бүгд гэр бүлтэй хүмүүс шүү дээ”
“Биднийг 6-дугаар сарын 15-ний өдөр буух үед 6 номерийн автобус хог шороотой байсан. Ариутгахаа байя гэхэд ядаж хог шороогоо цэвэрлэх хэрэгтэй шдээ“ гэлээ.