С.Эрдэнэд хууль бусаар тамга олгосон эсэхийг шүүх үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр боллоо.
С.Эрдэнийн зүгээс анхан шатны шүүхэд Ц.Туваан намыг төлөөлөх эрхгүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай гэж мөн Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбатыг шүүхийн ажиллагаанд оролцуулах зэргээр нийт 6 хүсэлт гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байсан.
Шүүгчийн захирамжийг С.Эрдэнэ, түүний төлөөлөгч, хуульч Г.Батбаяр нар эс зөвшөөрч гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй байсан учир хэргийг хааж өгнө үү гэх тэдний гомдлыг шүүх хүлээж аваагүй байна. Ингэснээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжлэхээр болж байна.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнэд шинээр Ардчилсан намын тамга олгосон УБЕГ-ын байцаагчийн шийдвэр хууль ёсны эсэхийг шүүх үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх юм.