Г.Занданшатар: Энэ удаагийн чуулган яг цагтаа эхэлж, парламентын түүхэнд байгаагүй үзүүлэлт байв
Тэрээр “ Цар тахал улс орон иргэдийн амьдралд дэлхийн парламент хуралдаан чуулганаа өөрчилж дэг журмаа өөрчилсөн. Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 75-аас дээш өдөр хуралдлаа.
Монгол Улсын Их Хурал хаврын чуулганы хугацаанд цахимаар хуралдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн. Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороо 13 удаа буюу нийт 127 удаа бид хуралдаж, 247 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан, чуулган яг цагтаа эхэлж, өнгөрсөн парламентын түүхэд байгаагүй үзүүлэлт байв.
Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулах боломжгүй байгаа ч цахим хуралдаанд өндөр ирцтэй оролцсон УИХ-ын эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн чуулган боллоо
Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороог байгуулж, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох талаар бодит эхлэлүүд гарч эхэлсэн. Цаашид мөрдөгдөж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байвал даруй өөрчлөх нь намрын чуулганы зорилт байх болно.
27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн орчныг шинэчиллээ. Түгжрэл, төвлөрлийг сааруулах томоохон шинэчлэл болсон гэж үзэж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг хоёр удаа сунгаж, Засгийн газарт ажиллах боломжийг олгосон.
Энэ оны улстөрийн чухал үйл явдал Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Зургаан жилээр нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах Ерөнхийлөгчөө сонголоо. УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье” хэмээлээ.