ЭМЯ-ын Сайд С.Энхболд: Дельта вирусын 3 тохиолдол бүртгэгдсэн
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа дараах мэдээллийг өглөө:
- Сүүлийн нэг сард халдварын тархалт харьцангуй тогтвортой байна. Зургадугаар сард 1500 сорьцод хийсэн дүнг та бүхэнд өмнө нь танилцуулсан. Энэ сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцын дүн гарлаа. 14 сорьцоос 1 нэг тохиолдол дельта вирус болохыг бүртгэлээ.
Мөн гаднын улсууд рүү илгээсэн сорьцуудаас дельта хувилбар илэрлээ. Өнөөдрийн байдлаар нийт гурван дельта хувилбарыг бүртгээд байна. Бид Япон руу 200, АНУ руу мөн тооны сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр сорьц баталгаажна. Дельта вирус дэлхийн 114 оронд тархжээ.
Бид тавдугаар сарын 3-нд энэ вирусийн анхны тохиолдлыг бүртгэсэн бол одоо гурав боллоо. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай. Дельта вирус нь илүү хурдан тархдаг мөн өвчтөний биеийн байдлыг илүү хурдан хүндрүүлдэг онцлогтой. Энэ төрлийн вирусийн халдвар авсан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь илүү түгээмэл байна гэв.