Б.Баттөр буюу Ангууч шагналын мөнгөөрөө байгуулсан Жюү Жицү клубээ “Өнөр бүл” төвд нээлээ.
“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын мөнгөөрөө байгуулсан бие хамгаалах тулааны урлагийн Жюү Жицү клубээ “Өнөр бүл” төвд нээлээ.
Тухайлбал, Б.Баттөр өөрийн шагнал болох 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан билээ. Тэрбээр өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Жюү жицү Холбооны дэмжлэгтэйгээр Жюү Жицү бэлтгэлийн танхим, иж бүрэн тоноглол, хувцас хэрэгслийн хамт хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төвд хүлээлгэн өгөлөө.
Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс “Миний төсөөлж байгаагүй хурдан хугацаанд энэхүү төв нээгдэж байгаад баяртай байна. Хоёр сарын өмнө Жюү Жицү-гийн холбоо МУБИС-тай хамтран бид хүүхдэд зориулсан спортын төвүүдийг байгуулж эхэлсэн.
Учир нь хүүхэд спортоор хичээллэснээр өөртөө итгэлтэй болох, багаар ажиллах зэрэг олон ур чадварыг олж авдаг. Би 16, 18 настай хоёр охинтой. Хоёр охин маань дөрвөн настайгаас бие хамгаалах тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Үүний адил монгол охидууд бие хамгаалах урлагаар хичээллэх гээд сууж байгаад баяртай байна. Энд байгаа хүүхдүүдийг бие хамгаалах урлагаар хичээллээд өөртөө итгэлтэй хүн болоосой гэж хүсэж байна.
Б.Баттөр хоёр сарын өмнө “Ододтой бүжиглэе” шоунд ороод түрүүлсэн өдрөө шагналын сангаа НҮБ-ын хүүхдийн санд хандивлана гэдгээ олон нийтэд мэдээлэхэд маш их баярласан. Тиймээс бид эхэлсэн байсан энэхүү төслөө санал болгож, өнөөдөр хамтдаа үр дүнг нь үзээд зогсож байна. Бидний хийсэн ажил нь хүүхдүүдийн одоо болон ирээдүйд оруулж буй том хувь нэмэр юм.
“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр
“Сэтгэгдэл маш өндөр байна. НҮБ-ын хамт олон болон бусад хүмүүстээ талархлаа. Бидний хүсэл зорилго таарсан учраас энэ ажил хамгийн зөв цагтаа нээгдэж байх шиг байна. Миний зүгээс шагналаа хандивлаж оролцсондоо маш их баяртай байна.
Мөн Болд-Эрдэнэ ахдаа тусгайлан баяр хүргэе. Монголын Жюү Жицү холбоо ямар их хүчтэйг харуулж чадлаа. Өнөөдөр энэхүү клубийн нээлтийг Олимпын нээлтийн өдөртэй давхцуулж хийсний учир нь энэ заалнаас ирээдүйн олимп, дэлхийн аварга төрөөсэй гэж бэлгэдсэн.
Хүүхэд бол бидний ирээдүй. Дүү нартаа хандаж хэлэхэд ах нь энэ заалнаас холдохгүй. Чадах чинээгээрээ энэ зааланд ирж, та бүхэнтэйгээ бэлтгэл хийж байх болно. Та бүхэн хэзээ ч битгий шантраарай. Би амьдралдаа олон зүйлийг ганцаараа туулж байсан учраас та бүхнийг хамгийн сайн ойлгох ах нь байх болно гэдгийг хэлмээр байна” гэв.