ОЛИМПЫН ЭРГЭН ТОЙРОНД: Маргааш Монголоос спортын аль төрөлд ямар тамирчин оролцох вэ?
Токио 2020 олимпын наадамд манай улсаас спортын нийт 10 төрөлд 43 тамирчин ур чадвараараа өрсөлдөх юм.
Өчигдөр буюу олимпын наадмын эхний өдөр байт харвааны төрөлд манай улсаас Б.Отгонбол болон Б.Оюунтунгалаг нар цэц сорьсон билээ.
Харин магаашийн онцлог нь манай улсаас анх удаа багийн спортын төрлөөр оролцож буй сагсан бөмбөгчид 2 тоглолт хийх аж.
Улмаар Монгол Улсын сагсан бөмбөгийн тамирчдын баг маргааш 16 цаг 30 минутанд Италийн багтай тоглолт хийх бөгөөд оройн 20:00 цагт АНУ- ын шигшээ багтай өрсөлдөх юм.
Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, О.Хулан нар багтсан юм.
Мөн жудо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын төрөлд ДАШТ-ийн мөнгөн медальт Гавьяат тамирчин Д.Амартүвшин болон эмэгтэйчүүдийн 48 кг-ын төрөлд дэлхийн аварга, Гавьяат тамирчин Уранцэцэг нар барилдах юм.
Цаашлаад Монгол Улсын хувьд энэ жил анх удаа өрсөлдөж байгаа олимпын спортын төрөл бол ширээний теннис бөгөөд энэ удаагийн олимпийн наадамд анхдагч болж буй тамирчид Энхбатын Лхагвасүрэн, Батмөнхийн Болор-Эрдэнэ нар.
Боксын төрөлд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Э.Цэндбаатар эхний тоглолтоо Кенийн тамирчинтай хийхээр болсон ба тоглолт өглөөний 10:00 цагт эхлэх юм.