Д.Сумъяабазар: Түгжрэлийг 50 хувиар бууруулна
Нийслэлийн удирдлагын баг өнөөдөр /2021.08.20/ цаг үеийн асуудлаар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийлээ. Цаашид энэ хурлыг сар тутам тогтмол зохион байгуулж, хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөх аж.
Хурлын эхэнд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах Үндэсний хороо байгуулагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрээр Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж буйгаа танилцууллаа.
Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гараад байгаа. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөж, 5 цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай байна, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Тодруулбал, Хот төлөвлөлт, Авто замын сүлжээг шинэчлэх, Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, Эрх зүйн зохицуулалтын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэлээ.