Цэцэрлэгийн хүүхдийг эрт хүргэх, оройтож авах боломжтой болно
Өглөө, оройд үүсдэг томоохон замын түгжрэлүүдийн шалтгаануудыг хуваан авч үзвэл зөвхөн ажил цуглах, тарах цагийн давхцлаас гадна цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөх, очиж авахаас шалтгаалах нь нийтлэг байдаг байна.
Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн 60 цэцэрлэгт туслах багш авч ажиллуулах санаа гаргасан бөгөөд ингэснээр цэцэрэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд өглөө ажил цуглахаас өмнө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх болон орой айжлын цаг дууссаны дараа оройтож авах боломжтой болж байгаа юм.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хамгийн их ачаалал авдаг багш нар цэцэрлэгийн болон бага ангийнх байдаг. Холбогдох хуулиар туслах, ээлжийн багш ажиллуулах зохицуулалттай ч төсөв мөнгөний боломжоос хамаараад энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй байсан.
Энэ удаад нийслэлд туслах болон ээлжийн багш ажиллуулахаар болсон нь СӨБ-ын багш нарын ачааллаас гадна замын түгжрэлийг бууруулахад чухал.
Өглөөдөө замын түгжрэлийн 25% нь зөвхөн хүүхдээ хүргэж өгөх, оройны түгжрэлийн 25-30% нь хүүхдээ авахаар эцэг, эхчүүд замын хөдөлгөөнд оролцдог байна. Тиймээс хамгийн их түгжрэл үүсдэг буюу тэг зогсолт хийдэг 30 цэгийн ойролцоо байгаа 60 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулна. Ингэснээр хүүхдээ цэцэрлэгт нь өглөө эрт өгөх, оройтож авах боломжийг эцэг эхчүүдэд олгох шийдвэр гарсан” гэв.