Бүжигчин Б.Халиуныг “Нийслэлийн тэргүүний залуу” тэмдгээр шагнажээ
Өнөөдөр /2021.08.25/ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ хүрээнд Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар “Нар угтсан өглөө” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, бүжигчин Б.Халиун “Нийслэлийн тэргүүний залуу” тэмдгээр шагнууллаа. Нийслэлийн тэргүүний залуугаар шалгарсан Б.Халиуны сэтгэгдлийг хуваалцъя.
-Тэргүүний залуу тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгуюу?
-“Ододтой бүжиглэе” шоу бол монголчуудад бүжгийн спорт, бүжгийн урлагийн хөгжил, бүжигчдын үнэ цэнийг харуулсан маш гоё шоу болсон гэж үзэж байна. Тэр шоунд амжилттай оролцсоныг минь үнэлж энэ шагналаар шагнаж буйд маш их баяртай байна.
Жилийн өмнөөс нөхөртэйгөө хамтдаа “Dance Chanсe” хэмээх монгол бүжгийн давалгааг эхлүүлсэн. Энэ нь залуучуудад, зөв эерэг хандлагыг түгээх зорилготой эхэлж байлаа. Давалгаа бүр зорилготой, уриатай байсан нь хүмүүст эерэгээр хүрч, эргээд биднийг урмын үгээр тэтгэж байсан.
Залуучуудад зөв хандлага түгээснийг маань үнэлж манай хамт олонд өгсөн шагнал гэж бодож байна. 100 жилээ тэмдэглэж буй Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хамт олонд баяр хүргэе. Монголын хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан олон арга хэмжээг зохиодог юм билээ. Цаашдаа залуучуудад зориулсан дараа дараагийн олон үйл ажиллагаанд хамтран ажиллахдаа баяртай байх болно.
-“Dance Chanсe” клуб хүүхэд залуусыг өөрийгөө хөгжүүлэх, эерэг хандлагад уриалсаар байгаа. Танай клубын цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Манай клубээс санаачилсан бүжгийн давлагаа, санаачлагыг бүх насныхан сонирхон үздэг. Өнөөдөр Монголын нийгэм, сошиал орчинд сөрөг мэдээлэл, хандлага их байна шүү дээ. Тэр сөрөг мэдээлэл, хандлагыг өөрчлөхөд манай “Dance Chanсe”-ийн эхлүүлсэн давлагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу.
Олон нийтээс бидэнд хандсан урмын үг, эерэг сэтгэгдэл их ирсэн. Тиймээс цаашдаа залуусын үйлдэл, хандлага зөв байх, бүжгээр хичээллэж өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зарцуулах гээд уриалсан, оролцоог нь дэмжсэн бүтээлч ажлууд хийнэ гэж бодож байна.